Пак Гын Хэг энэ сарын 19-нөөс өмнө яллана
- 2017-04-05
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өнгөрсөн долоо хоногт баривчлан хорьсноос хойш прокурорууд анх удаагаа байцааж байна. Пак Гын Хэ Сөүл хотын захад орших цагдан хорих төвд хоригдож байгаа юм. Байцаалт авах үед түүний өмгөөлөгчийг байлцуулжээ.
Сэжигтнүүдийг ихэнх тохиолдолд Прокурорын газарт авчран байцаадаг боловч Пакийн сэтгэл санааны байдал, аюулгүй байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр прокурорууд түүнийг цагдан хорих төвд байцаахаар шийдвэрлэжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хорьсон билээ. Прокурорууд түүнийг эрүүгийн хуулийн 13 зүйл ангиар, тухайлбал дотнын найз Чой Сүн Шилтэй үгсэн хуйвалдаж “Samsung” группээс 39 сая ам.долларын авлига авсан, авахыг зөвшөөрсөн гэж буруутгаж байгаа юм. Тэрбээр “Би ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж мэдэгдсээр байна. Прокурорууд энэ удаагийн байцаалтаар түүнээс шинэ мэдээлэл олж авч чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Түүнийг энэ сарын 19-нийг хүртэл хорьж магадгүй. Учир нь, тавдугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хэрэг нөлөөлөхөөс сэргийлэх үүднээс энэ сарын 19-нөөс өмнө түүнд яллах дүгнэлт үйлдэх бололтой. Тус улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил дөрөвдүгээр сарын 17-нд албан ёсоор эхэлнэ.

Сэтгэгдэл (0)