Сэтгэл гутрал гэж юу вэ?

 

        Бухимдал олон зүйлээс шалтгаалдаг. Сэтгэл санаа, эрүүл мэнд, физиологи, харилцааны зөрчилтэй холбоотой. Хүн нийгэмд амьдардаг учраас гадаад учир шалтгаан сэтгэл гутралд их нөлөөлдөг. Гэхдээ сэтгэл гутралд хүн бүхэн ордоггүй. Хувь хүний онцлогоос болдог. Зарим нь өөдрөг, ирмүүн, зорилготой, зоригтой, тайван байдаг. Гэтэл ууртай, сэтгэлээр амархан унадаг, шантрамхай, идэвхгүй болсон хүмүүс бий.

 

Сэтгэл зүйн талаасаа сэтгэл гутрал нь эрүүл үзэгдэл боловч, даамжирахаараа сэтгэцийн эмгэг болж хувирдаг. Ийм тохиолдолд идэвхгүй болно, ажил хөдөлмөр хийхээс залхана, биеэ чагнана, зохиомол өвчнөөр өвдөж байгаа юм шиг санагдана. Амьдрал дээр их ууртай, бусдыг загнах дуртай болчихдог. Уур уцаараа бусдад гаргадаг үзэгдэл ажиглагддаг. Хүнтэй тайван ярилцаж ойлголцохын оронд загнадаг. Жаахан хүүхдүүд хүртэл хоорондоо хэрэлдэж, зодолдоно. Энэ бол нийгэмд бухимдал их байна гэсэн үг. Гудамжинд явж байтал хоёр хүн хэрэлдээд, биенээ бүдүүлгээр доромжилдог. Энэ бүхэн нөлөөлж, сэтгэл гутрангуй болдог.
 

Нийгмийн сэтгэл зүйн мөн чанараас гадна байгаль цаг ууртай ч холбоотой. Зун сэтгэл санаа харьцангуй тайван байдаг. Өвлийн улиралд сэтгэл санаа тогтворгүй болчих тохиол бий. Намрын улиралд ажлын ид үе эхэлнэ. Бас хүйтэрч даараад л, сэтгэл тавгүй болдог.
 

Гэр бүлийн зөрчил маргааныг хүмүүс тайван замаар шийдэх ёстой. Хүмүүс хамгийн бүдүүлэг үгээ гэрийнхэндээ хэлдэг. Танихгүй хүмүүсийн дунд соёлтой харагдах гэж хичээдэг хирнээ, гэр бүлдээ тэгш хандаж чаддаггүй. Хүмүүс хайрлана, халамжлана гэж гэр бүлтэй болж, хүнтэй суудаг. Гэтэл хайрлана гэсэн хүндээ уурлаж, хэлэх хэлэхгүй үг хэлж, биенээ зовоодог. Үр хүүхдийнхээ дэргэд хэрэлддэг. Гэр бүл бол хамгийн тайван орчин байх ёстой. Ийм бухимдалтай гэр бүлд өсч байгаа хүүхэд бас тийм болдог. Иймээс уур уцааргүй амьдарч сурах хэрэгтэй.
 

Сэтгэл гутрахад хүйсийн ялгаа гарч болно. Эмэгтэйчүүдийн сэтгэл санаагаар унаж гутарч байгаа нь хөнгөн чанартай, цаг зуурынх байдаг. Эрэгтэйчүүд сэтгэл санаагаар илүү их унадаг. Эндээс эмэгтэйчүүд гарах арга зам ихтэй. Аав ээждээ хэлдэг, найз нөхөддөө ханддаг. Эрэгтэйчүүд хүн болгонд яриад байдаггүй, дотроо бодоод явдаг. Ингээд гутралаа тайлах гэж архи уудаг боловч тус болдоггүй.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)