Марин Ле Пен: Элит, энгийн иргэн гэхгүйгээр нэг ширээнд суумаар байна
- 2017-04-08
- Дэлхий
- 0

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний фронт” намаас нэр дэвшин өрсөлдөж буй Марин Ле Пений ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Сонгуулийн эхний үе шат ирэх сарын 23-нд болох юм. Ле Пений гол өрсөлдөгчид нь төвч үзэлт Макрон, баруун төвийн үзэлт Франсуа Фийон нар юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар Макрон, Ле Пен нар эхний шатанд ялж, хоёрдугаар шатанд өрсөлдөх ажээ.
-Та Дональд Трампын ялалт бол дэлхийг өөрчлөх мөч гэж хэлж байсан. Таны бодлоор дэлхийг яаж өөрчлөх вэ?
-Дональд Трампын ялалт дэлхий хэмээх шинэ барилгын суурь чулуу болж өгөх юм. Дональд Трампын ялалтыг бид Европын Үндсэн хуулиас татгалзаж, Европын холбоог орхисон Их Британитай харьцуулж байна. Дэлхийн улс орнуудад болж буй сонгуулийн үр дүнгээс харахад бүхий л орнууд даяаршлын гинжнээс мултрахыг оролдож буй нь харагдаж байна.
-Хүмүүс таныг Франц Дональд Трамп гэж нэрлэх болжээ. Түүнчлэн хэрэв таныг Францын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Дональд Трамптай адилхан бодлого баримтална гэж таамаглаж байна. Үүнтэй санал нийлэх үү?
-Дональд Трампын ялалтыг элитийн эсрэг ард түмний ялалт болсон гэж хэлж болно. Би Францыг АНУ-тай параллель төвшинд авчирмаар байна. Элит, энгийн иргэн гэлтгүй бүгд нэг ширээнд суух боломжтой тийм нийгэм бий болгоно. Ерөнхийлөгчийн сонгууль бол ард түмний бодит сонгууль. Хэрвээ бид олон соёлт нийгмийг хүсвэл англи хэлт орнуудаас суралцах хэрэгтэй. Гэхдээ Франц, АНУ адилгүй. Бидний үнэт зүйл, тулгамдаж буй асуудал өөр. Тиймээс намайг Дональд Трамптай адилтгаж болохгүй.
-Франц Улсад олон ислам шашинтай иргэн амьдардаг. Тэд бусад францчуудын нэгэн адил ажиллаж амьдарч байгаа. Хэрэв та Ерөнхийлөгч болвол тэднийг Францын иргэн мэтээр хүлээж авч чадах уу?
-Өнгөрсөн хугацаанд Франц Улс маш олон цагаачдыг хүлээн авсан. Одоо хангалттай. Би хүмүүсийг шашин шүтлэгээр нь ялгаварлах дургүй. Хүмүүсийг хууль дүрмийг зөрчсөн эсэхээс нь шалтгаалан шийтгэдэг харин шашин шүтлэгээр ялгаварлан шүүдэггүй.
-Та Их Британийг Европын холбооноос гарсан нь зөв сонголт болсон хэмээгээд Европын холбоог орхих дараачийн улс нь Франц байх болно гэж мэдэгдсэн. Хэрэв та Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй бол Франц Европын холбоог орхих боломжгүй болох байх?
-Европын холбоо тоталитар дэглэм баримталдаг гэж хэлж болно. Гэхдээ францчууд Европын холбоог орхих хүсэлгүй байвал би хэчнээн ятгасан ч бүтэхгүй. Тиймээс Франц Улс Европын холбоог орхих эсэхийг францчууд л шийднэ.
-Их Британийг Европын холбооноос гарснаас хойш Франц болон Их Британийн харилцаанд өөрчлөлт орсон уу?
-Би олон туйлт ертөнцийг дэмждэг. Түүнчлэн улс орон бүр өөрийн ашиг сонирхлоо хамгаалах эрхтэй гэж боддог. Гэтэл Европын холбооны зарим орнууд холбооны дүрэм журамд баригдан өөрийн ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй байна. Берлиний хана нуран унасан шиг Брюсселийн хана нурах цаг нь болсон.
-Таны бодлоор Социалист намын Франсуа Олланд төрийн тэргүүн болсноос хойш юу өөрчлөгдөв?
-Зан байдлын хувьд флегматик Олланд хэт идэвхтэй Саркозитой огт адилгүй. Гэхдээ улс төрийн үүднээс авч үзвэл тэр бол Саркозийг залгамжлагч. Жишээлбэл цагаачлал, Европын холбоотой харилцах харилцааны асуудалд ямар ч өөрчлөлт гарсангүй. Франц урьдын адил Парис болон бусад хотод төвлөрсөн ислам шашинт тэрс үзэлтнүүд, мөн Арабын хорооллуудад болж буй зүйлсэд нүд анин чимээгүй өнгөрөхийг уриалдаг еврократуудаас хамаарч байна. Францын улс төрийн системд ч өөрчлөлт гарсангүй.
-Олон улсын улс төрд өдгөө Сирийн хямрал хамгийн чухал асуудал болоод байна. Сирийн асуудлаар таны байр суурийг сонирхъё. Та “Асад огцрох ёстой” гэсэн өрнөдийнхний байр суурийг хүлээн зөвшөөрч байна уу?
-ОХУ Сирийн асуудлаар хатуу байр суурь баримталж, энэ улсад интервенци хийхэд бүхий л хүчээрээ саад болж байгаад би маш их баяртай байна. Үндэсний фронт бол АНУ-ын төлөвлөгөөг эсэргүүцдэг Францын цорын ганц нам. Бид Ливид интервенци хийхийг эрс эсэргүүцэж байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин бусад удирдагчийг ухрааж чадсан. Энэ нь Европын нийгэмд нөлөөлсөн. Харин одоо европчууд Сирийн нөхцөл байдлыг өөрөөр харж эхлэх байх. Орос орон ч ганцаараа биш. Түүн шиг Үндэсний фронт нам ч ганцаараа бус. Биднээс өөр Францын нэг ч улс төрийн хүчин Америкийн бодлогыг эсэргүүцэхгүй байгаа ч бид элитүүдэд хууртагдсан, дөнгөж одоо нойрноосоо сэрж байгаа Европын ард түмний санаа бодлыг өөрсдөдөө тусгасан.
-Өрнөдийн элитүүд яагаад Дамаск дахь дэглэмийг өөрчлөхөөр улайрна вэ?
-Өрнөдийн орнууд харамсалтай нь Катар, Саудын Араб зэрэг улсын нөлөөнд автсан. Тэд л Ойрхи Дорнодод исламын тэрс үзэлтнүүдийг дэмждэг. Харин тэд засгийн эрхэнд гарвал арга заль хэрэглэж, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаална. Сирийн газар нутгаар катарчууд хий, нефтийн хоолой явуулж, нүүрс, устөрөгчөө Европ руу тээвэрлэх сонирхолтой байгаа юм. Башар Асад үүнээс татгалзаж, дуулгаваргүй байсныхаа горыг ийнхүү амсч сууна. Франц Улсын хувьд манай элитүүд аль хэдийнэ Катарыг дагаж болсон. Манайхан энэ улсаас ирсэн зочдыг яаж халуун тэврэлтээр угтаж, Дохад татварын хөнгөлөлт үзүүлдэг билээ.
-Ийм зөрчилдөөн яагаад гарах болов?
-Франц Улс аль хэдийнэ эрх чөлөөт орон биш болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Исламын ертөнцөөс үй олноороо цагаачлах нь нэмэгдсэнээс болж бид үргэлж л айдас хүйдэс дунд амьдрах болсон. Бид бодол санаагаа илэрхийлэх эрх чөлөөгөө алдаж, өөрсдийн газар нутагтаа хэн нэгэнд буруу ойлгогдчих вий гэж айдаг болсон. Исламын тэрс үзэл бол зөвхөн шашин бус, улс төрийн бодлого юм. Исламын улс төр, шашны бүлэглэлүүд өдгөө Францын хуулийг өөрчилж, амьдралын хэв маяг, үзэл бодлоо тулгахыг оролдож байна.
-Евро бүсийн хямралын талаар та юу гэж боддог вэ?
-Евро бүсийн хямрал бол Европын орнуудад гэнэт ирсэн гамшиг осол, цунами, хар салхи биш. Энэ бол улс төр, эдийн засгийн томоохон алдааны ул мөр юм. Үүнд томоохон банк, корпорациуд, дийлж чадахааргүй их өр тавьсан зарим улс буруутай. Энэ бол санхүүгийн секторын гажуудлын нөлөө. Дэлхийн валютын системд доллараа онцгой эрхтэй болгосон АНУ дэлхий дахинд хий хоосон мөнгө бий болгож, санхүүгийн хөөс үүсгэн, эдийн засаг, ажлын байруудыг сүйтгэсэн. Харин одоо банкууд, санхүүгийн институтуудаас ард түмэн энэхүү хямралыг арилгахыг шаардаж байна. Үүнийг бид Кипрт харсан. Энэ бол Европ маягийн хулгай. Европын элитүүд үндсээрээ даяаршлагчдад худалдагдсан болохоор ард түмний ашиг сонирхлыг огтхон ч бодохгүй. Авлигын төвшин дээд зэргээр нэмэгдлээ. Манайд л гэхэд шүүгч, дээд албан тушаалтан, улстөрч, сайд нарын оролцсон авлигын томоохон хэрэг өдөр бүр гардаг боллоо. Энэ бол дөнгөж эхлэл.
-Европ тивд ганцхан улс үндэсний ашиг сонирхлоо маш сайн хадгалж байна. Энэ улс бол Путиний Орос. ОХУ-ын цэргийн хүчин Балтийн тэнгисээс эхлээд газар сайгүй байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-ОХУ болон Франц Улс нь нөхөрлөлд суурилцсан түүхэн харилцаатай ард түмэн. Та ОХУ-ыг Европын орон гэж хэлсэн. Европ тивд өөрийн ашиг сонирхлоо хамгаалж чаддаг улс байна гэдэг сайн хэрэг.
Ц.Даваасамбуу

Сэтгэгдэл (0)