БНАСАУ АНУ-ыг дайн өдөөж байна гэв

 

        АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд Солонгосын хойг руу чиглэх тушаал аван ойртож очоод байгаа. Үүнтэй холбогдуулан Хойд Солонгосын Гадаад хэргийн яам албан мэдэгдэл гаргасныг тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг дамжууллаа. “АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Солонгосын хойгт ойртон ирсэн нь Хойд Солонгос руу довтлох АНУ- ын төлөвлөгөө анхаарал татах хэмжээнд хүрсэнийг илтгэж байна. АНУ-ын энэ үйлдэл нь цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, цөмийн хөтөлбөрөө сайжруулах Хойд Солонгосын байр суурь зөв байсныг нотоллоо” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Цөмийн хошуу тээвэрлэгч “Карл Винсон” хөлөг онгоцоор толгойлуулсан хөлөг онгоцууд хуваарийн дагуу Австрали руу хөвж явсан боловч Сингапурын эрэг хавьд байхдаа Солонгосын хойгийг чиглэх тушаалыг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр авч чиглэлээ өөрчлөн явсан юм. Өмнөд Солонгосын “Ионхап” агентлагийн мэдээлснээр “Карл Винсон”- оос гадна мина тээвэрлэгч хоёр онгоц, мөн баллистик пуужинг устгах чадвар бүхий удирдлагатай хөлөг онгоц байгаа аж. “АНУ-ын үйлдэл нь дайн өдөөх эхлэл бөгөөд БНАСАУ хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байна. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсгийн хүчин чадлаа бүрэн дайчилж, хүчтэй хариу арга хэмжээ авна” хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн Сөүлээс Хойд Солонгос дахин пуужин эсвэл цөмийн туршилт хийвэл БНХАУ болон БНСУ шинэ, хатуу хориг арга хэмжээ авахаар тохиролцсон тухай мэдэгдлээ. Өчигдөр Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан Хятадын тусгай төлөөлөгч У Давэй тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотод Өмнөд Солонгосын талтай уулзжээ. Бээжин, Сөүлийн хооронд “THAAD” пуужингаас хамгаалах системтэй холбоотой маргаан дэгдсэнээс хойш Өмнөд Солонгост айлчилж байгаа Хятадын хамгийн дээд албаны хүн У Давэй болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Бээжин Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд илүү идэвхтэй ажиллахаар болсон нь эндээс харагдаж байна гэж ажиглагчид дүгнэжээ. Өнгөрсөн долоо хоногт Сирийн Засгийн газрын агаарын баазад өгсөн пуужингийн цохилт ч Хойд Солонгост АНУ-ын өгч буй сануулга гэж үзэж байгаа юм. Хятад, Өмнөд Солонгосын хэлэлцээрт Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа яригдаагүйг Сөүл баталсан байна. Харин НҮБ-ын тавьсан хоригоос ч хатуу эдийн засгийн хориг хэрэгжүүлэхээр тохиролцсон гэжээ. Ким Жөн Ун Хойд Солонгосын удирдагч болсны таван жилийн ой саяхан тохиосон. Ким эрх баригч Хөдөлмөрийн намын дээд удирдагч болсны таван жилийн ой болж байгаатай холбогдуулан өчигдөр Хойд Солонгосын Ардын их хурлын чуулганы нээлт Пхеньян хотод болсон байна. Чуулганы хуралдаанаар улсын төсөв, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх болон төрийн байгууллагуудад халаа сэлгээ хийх зэрэг асуудлыг шийдвэрлэдэг ажээ. Энэ долоо хоногийн ирэх бямба гаригт тус улсын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ой тохиох учир Пхеньян өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Тэдний үзэж байгаагаар, өнгөрсөн долоо хоногт Сирийн агаарын цэргийн хүчний баазад пуужингаар цохилт өгсөн АНУ-ыг сөрөн зогсох хүчтэй гэдгээ нотлон харуулж, улс орныхоо нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор Пхеньян зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, эсвэл баллистик пуужин харваж магадгүй гэнэ.

 

Ц.Даваасамбуу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)