Гэмт хэрэг 11.3 хувиар буурчээ
- 2017-04-13
- Нийгэм
- 0

Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан олон төрлийн шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Тухайлбал Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 87 ширхэг хяналтын камер, нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар - БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудын эвдрэл гэмтлийг засаж, бүрэн ашиглалтад оруулж, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, дүүргүүдэд зөөврийн хяналтын 87 камерыг суурилуулан ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн аж.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах, орон сууцны барилгын орц, гадна орчин, гэр хорооллын гудамж талбай зэрэг газруудыг камержуулах зорилгоор “60 сая” төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг 2017 оны энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Цагдаагийн алба хаагчид камерын хяналт, иргэдийн оролцоонд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэн ажилласнаар 2017 оны нэгдүгээр улиралд гэмт хэрэг 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ.

Сэтгэгдэл (0)