Пулитцерийн шагналын эзэд тодорлоо
- 2017-04-13
- Дэлхий
- 0

Сэтгүүл зүй, уран зохиол, хөгжим, театрын урлагийн салбарын шилдэг бүтээлийг тодруулдаг Пулитцерийн шагналын энэ жилийн эзэд тодорлоо. Шуурхай мэдээ, эрэн сурвалжлага, тайлбар мэдээ, редакцийн зурвас, гэрэл зураг гэх зэрэг олон төрлөөр сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг тодруулдаг. Энэ жилийн сэтгүүлзүйн салбарын шилдэг шагналын эзнээр оффшорчдыг илчилсэн “Панамын баримтууд”-ыг сурвалжилсан сэтгүүл зүйн баг тодорчээ.

Харин олон улсын сэтгүүл зүйн салбарт тус шагналыг “The New York Times” сонин Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай бичсэн цуврал нийтлэлээрээ хүртсэн байна. Уран сайхны шүүмжлэлийн номинацид театрын найруулгын талаар цөөнгүй материал бичсэн “The New Yorker”-ийн сэтгүүлч Хилтон Элс хүртсэн бол нийгмийн зүтгэлтэн номинацид цагдаагийн ажилтан эрх мэдлээ буруугаар ашигласан талаар бичсэн “New York Daily News” болон “Propublica” сонинууд шагналыг хуваан авчээ. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн номинацид Пулитцерийн шагналыг Виржиниа мужид хар тамхи худалдаж байгаа тухай бичсэн “Charleston Gazette-Mail”-ийн Эрик Эйр хүртлээ. Шуурхай мэдээний тэргүүн шагналыг Оакландын “Еast bay Times”- ийн сэтгүүлчдийн бэлтгэсэн агуулахад гарсан гал түймрийн сурвалжлага авчээ. Энэ галын улмаас 36 хүн амиа алдсан бөгөөд хотын захиргаа хэрэгт буруутай байсан, хотын захиргаа зөв ажилласан бол ийм эмгэнэлт хэрэг болохгүй байсан гэдгийг сурвалжлан гаргажээ. Пулитцерийн шагнал бол сэтгүүл зүй, уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. Уг шагналыг 21 номинациар олгодог бөгөөд 10 мянган ам.долларын мөнгөн шагнал дагалддаг байна. Өнгөрсөн онд сэтгүүлч, зохиолчдын анхаарлын төвд Ойрхи Дорнодын байдал, террорист халдлагууд, “Исламын улс” бүлэглэл зэрэг үйл явдал байсан юм. Ийм учраас хэд хэдэн шагналыг эдгээр сэдвээр бичсэн хүмүүст олгосон байна.
Ц.Даваа

Сэтгэгдэл (0)