Башар Асад: Сирийн арми иргэдийг хамгаалах үүрэгтэй болохоос устгах үүрэг хүлээгээгүй

 

        Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын “Verjency” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Ноён Ерөнхийлөгч өө. Сирийн иргэний дайн зургаа дахь жилтэйгээ золголоо. Одоогоос хоёр жилийн өмнө та Сирийн иргэний дайн 2017 он гэхэд дуусна гэж ярьж байсан. Гэвч Сирийн Засгийн газрын хүчин Алеппо болон Палмира хотыг чөлөөлснөөс өөр бараг юу ч хийсэнгүй. Зөвхөн иргэний дайныг эцэслэнэ гэсэн итгэл найдвар л үлдэж байх шиг байна?

 

-Хэрэв итгэл найдвар байгаагүй бол Сири улс зургаан жилийн хугацаанд тэсч үлдэхгүй байх байсан. Итгэл найдвараа хэрхэн бодит болгох вэ гэж асуух нь зөв байх. Ингэх олон арга зам бий. Хамгийн чухал нь террористуудтай тэмцэх.

 

-Саяхан Сирид химийн зэвсэг ашиглаж олон хүний аминд халдсан тохиолдол гарсан. 2013 онд мөн л ийм тохиолдол болж байсан. Гэсэн ч тухайн үед хэн химийн зэвсэг ашигласан нь тодорхойгүй үлдсэн. Хэн Сирид химийн зэвсэг ашигласан юм бэ. Барууны орнууд тэр тусмаа АНУ Сирийн Засгийн газрын хүчнийг химийн зэвсэг ашигласан гэж мэдэгдсэн. Энэ үнэн үү?

 

-Би хэзээ ч ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашиглахгүй. Энэ бол биднийг гутаан доромжлох гэсэн үйлдэл. Үүний ард босогчид эсвэл террористууд бий. Харин Сирийн армийнхан иргэдийг хамгаалах үүрэгтэй болохоос устгах үүрэг хүлээгээгүй. Армийнхан химийн зэвсэг ашигласан гэдэг нь худлаа. 2011 онд үүссэн иргэний дайны үеэр намайг химийн зэвсэг ашигласан хэмээн АНУ тэргүүтэй орнууд буруутгаж байсан. Түүнчлэн 2013 онд Сирид химийн зэвсэг ашиглахад манай Засгийн газрыг буруутгасан. Гэвч тэд үүнийгээ батлах ямар ч нотолгоо олоогүй. АНУ-ын зорилго бол намайг суудлаас нь буулгах. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сирийн энхтайвны төлөө хэзээ ч Ассадтай хэлэлцээрийн ширээний ард суухгүй” гэж мэдэгдсэн тухай барууны хэвлэлүүд мэдээлсэн. Үүнээс харахад АНУ-ын зорилго тодорхой байна.

 

-Барууны орнууд таныг Ерөнхийлөгчийн суудлаас буулгахыг зорьдог гэж та хэлж байсан. Таныг буулгах гээд байгаа шалтгаан нь юу юм бэ?

 

-Шалтгаан нь маш тодорхой бөгөөд энгийн. АНУ тэргүүтэй Франц, Их Британи зэрэг улс өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэх, бусдад тулгахыг илүүд үздэг. Их гүрнүүд өөрийн гэсэн ашиг сонирхолтой. Мэдээж жижигхэн улсууд ч гэсэн өөрийн гэсэн ашиг сонирхолтой. Гэхдээ жижигхэн улсууд хүчирхэг биш. Харин их гүрнүүд өөрийн хүчээ ашиглан жижиг улс орнуудыг өөрийн эрх ашгийн төлөө ашиглахыг илүүд үздэг. Яагаад бид өөрсдийн эрх ашгаа хамгаалж болохгүй гэж. Тухайлбал, Сирид энхтайван тогтоохын тулд Европын орнууд өөрсдийнхөөрөө аашилдаг. Бидний үзэл баримтлал тэдэнд огт хамаагүй. Энэ бүгдийг манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага болон Хүний эрхийн байгууллагуудаас ч харж болно. Тэд бидэнтэй хамтарч ажилладаггүй, зөвлөлддөггүй. Зөвхөн өөрсдийн хууль дүрмийн хүрээнд л үйл ажиллагаа явуулдаг.

 

-Женев, Астана хотноо АНУ, ОХУ зэрэг орны тэргүүнүүд Сирид энхтайван авчрах талаар уулзалт зохион байгуулж, энхийн хэлэлцээр байгуулахыг зорьсон. Гэхдээ эдгээр хэлэлцээрт сөрөг хүчин оролцсон. Яагаад тэд хэлэлцээрт оролцож байгаа юм бэ. Сирид энхтайван авчрах эсэх асуудлаар Сирийн Засгийн газар бие даан шийдвэр гаргах боломжгүй гэж үү?

 

-“Сирийн хямралд цэг тавихад хамгийн чухал үүргийг сөрөг хүчин хүлээнэ” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өмнө нь мэдэгдэж байсан. Засгийн газар бие даан шийдвэр гаргасан ч сөрөг хүчний эсэргүүцэлтэй нүүр тулах нь тодорхой. “Хэрвээ хоёр тал нэг нэгэндээ буулт хийж, хамтран ажиллах болбол гацаад буй асуудал илүү хурдан шийдэгдэнэ” гэх Обамагийн шийдвэрийг хүндэтгэж, сөрөг хүчинг уулзалтад урьсан юм. Гэхдээ сөрөг хүчин гэгдэх статус дунд террористууд багтахгүй. Тэд зөвхөн улс орныг минь хүчирхийлэн эзлэхийг санаархдаг. Тиймээс террористуудын төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээний ард сууна гэж бодохгүй байна. Сөрөг хүчин, жихади нар бол өөр өөр үүрэгтэй. Мөн Турк, Саудын Арабтай хэлэлцээр хийх хэрэгтэй.

 

-Яагаад тэдэнтэй хэлэлцээр хийж байгаа юм бэ?

 

-Олон хүний амь амьдралтай холбоотой учраас. Эдгээр бүлэг гартаа барьсан зэвсгээ доош тавих хэрэгтэй. Нэгдсэн хүчээр террористуудын эсрэг тэмцвэл илүү амар.

 

-Дэлхийд терроризмын эсрэг дайныг зарласан. Гэхдээ тэд өнөөдөр зөвхөн Сирид л терроризмтэй тэмцэж байна?

 

-Дэлхийн бараг ихэнх улс терроризмын эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгдсэн. Тэд уг ажиллагааныхаа хүрээнд Сирийн олон салбар туслалцаа дэмжлэг үзүүлсэн. “Сирид яагаад терроризмын эсрэг ажиллагаа явуулж байгаа юм бэ” гэж асуулаа. Учир нь Сирид л олон террорист бүлэглэл хяналтаа тогтоохыг санаархсаар байна. Терроризм олон улсад тархаад байгаа ч гол төв нь Ойрхи Дорнодод оршин тогтносоор байгаа. Гэхдээ барууны орнууд терроризмын эсрэг дайн зарласан ч далдуур терроризмыг өөгшүүлсээр байна. Сирийн армийнхан терроризмын эсрэг хүчтэй тэмцэж байна. Тэдэнд талархлаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Сирийн сөнөөгч онгоцууд террористуудыг ангуучлах, устгах ажиллагаа явуулсаар байна. Тэдний дэмжлэгээр террористуудын хүч суларсаар байгаа. Гэсэн хэдий ч бид холбоотон орнуудаасаа дэмжлэг авч байна.

 

-Сирийн армийнхан шашны цөөнх эсвэл цөөнх үндэстэнг хамгаалах үүрэг хүлээж байгаа юу?

 

-Мэдээж хэрэг. Энэ бол тодорхой бас ойлгомжтой зүйл. Сирийн газар шороон дээр байгаа бүхнийг армийнхан хамгаалах үүрэгтэй. Сирийн армийнхан Сирийн газар нутаг, ард түмнээ хамгаалахгүй бол бид хэрхэн ялалт байгуулах билээ.

 

-Сирид үргэлжиж буй террорист халдлага хүрээгээ тэлсээр Европын Франц, Бельги зэрэг улсад болж, олон хүн амь насаа алдлаа. Францад халдлага гарсны дараа та Францын Тагнуулын газрын даргад хандан террорист халдлага үйлдсэн этгээдийн тухай мэдээлэл өгөхийг хүссэн боловч тэд авахыг хүсээгүй гэсэн. Энэ үнэн үү. Хэрэв тэд тантай хамтран ажилласан бол асуудлыг хурдан шийдэх боломжтой байсан болов уу?

 

-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Терроризм зөвхөн ганц улсыг онилдоггүй гэх тод жишээ. Хэрвээ Европын орнууд аюулгүй байдлын тал дээр бидэнтэй хамтарч ажилласан бол террорист халдлагуудаас урьдчилан сэргийлж чадах байсан. Гэхдээ европчууд улсад нь болж буй террорист халдлагуудыг зогсоохыг хүсч байвал Сирийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй террорист бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоох хэрэгтэй.

 

-Сирид федерализм бий болгох талаар сүүлийн үед яригдах болжээ. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

 

- Федерализм бол үндэсний асуудал. Сиричүүдийн олонх нь федерализмыг хүлээн зөвшөөрөхгүй байх гэж бодож байна. Сири улс энэ тогтолцоогоороо маш олон жил явж ирсэн.

 

-Европын орнуудын Сирийн талаар баримталж буй бодлогыг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Европын орнуудын Сирийн талаар баримталж буй бодлогод ямар ч өөрчлөлт ороогүй. Тэдний хэлж буй бүхэн худал хуурмаг. Европын орнууд ялангуяа АНУ байдлыг өөрсдөдөө аль болох ашигтай тал руу шилжүүлдэг. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэдний тусламжтайгаар барууны орнууд ямар байр суурьтай байгаа талаар мэдээлэл авч байна шүү дээ. Ойрхи Дорнодод үймээн самуун газар авснаас болоод Европыг чиглэх дүрвэгсдийн урсгал нэмэгдсэн. Европын орнуудад олон мянган хууль бус дүрвэгсэд очиж байгаатай холбоотойгоор террорист халдлагууд гарах болсон. Энэ үед жирийн ард иргэд террорист халдлага болон террористуудын үнэн төрхийг мэдэж, улстөрчид, Засгийн газар нь хэнийг өмгөөлж, хамгаалж буйг ялгаж, салгаж байгаа байх.

 

Ц.Даваасамбуу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)