“Монголоор транзит тээвэр явуулах нь илүү ирээдүйтэй”
- 2017-04-14
- Нийгэм
- 0
Монгол Улсаар дамжин Оросоос Хятад, Хятадаас Орос руу тээвэрлэж буй ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь манай улсын төдийгүй хоёр хөршийн эдийн засагт томоохон хувь нэмэртэй.
Далайд гарцгүй орны хувьд хоёр том гүрний дунд орших Монгол Улс газар зүйн ашигтай байрлалаараа Орос, Хятад төдийгүй Ази, Европыг холбох хамгийн дөт замд тооцогдож байна. Гэлээ ч ачаа тээврийн ихэнх хувь нь манай улсыг тойрч, Казахстан, Манжуураар дамжин явж байгаа аж.
Нөгөөтэйгүүр дээрх хоёр тээврийн коридор ачаалал ихтэй бөгөөд Монголын нутаг дэвсгэрээр ачаа тээвэрлэхэд үнийн уян хатан нөхцөлтэй, хурдан шуурхай болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарчээ.
Тиймээс энэхүү форумаар транзит тээврийн тоог нэмэгдүүлэх, гурван улс хоорондын тээвэр зуучлалын компаниудыг холбож өгөх, транзит тээврийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх арга замыг эрэлхийлэх зорилготойгоо дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо болсон “Транзит Монгол 2017” олон улсын форумын үеэр Монголын тал танилцууллаа.
Тус форумын үр дүнд төмөр замын хоёр ч шинэ чиглэл нээхээр болж, Эрээн боомтод Монголын талаас хүлээж авдаггүй байсан зарим нэр төрлийн барааг хүлээн авдаг болгохоор дүрэм журамдаа өөрчлөлт оруулах тухай Хятадын тал бодолцож үзэхээ илэрхийлсэн байна.
Европ-Азийг холбосон Транс–Сибирийн гол тэтгэгч шугам болох Наушки-Эрээн чиглэлийн Монголыг дамжин өнгөрөх /Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн/ төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас 748 км дөт юм.
Хэдий дөт замд тооцогдож байгаа ч 2016 онд манай нутаг дэвсгэрээр 167 чингэлэг галт тэрэг явсан бол Казахстанаар 10 дахин их буюу 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг галт тэрэг явсан байна.
Төмөр замаар ачаа тээвэрлэх үйл явцад гарсан эерэг өөрчлөлтүүд:
Манай улсаар дамжин Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу ачаа тээвэрлэх хугацааг хурдасгаж, ОХУ-аас БНХАУ чиглэлд 31 цаг байсныг 28 цаг, БНХАУ-ОХУ чиглэлд 36 цаг байсныг 31 цаг болгосон байна. Мөн хоногт ачаа тээвэрлэх зайг 850-950 км болгожээ.
Түүнчлэн манай төмөр зам өргөн царигтай учраас ачаа шилжүүлэн тээвэрлэх хэрэгцээ гардаг. Тиймээс ачаа тээвэрлэх үнийн тарифын хөнгөлөлт үзүүлж, шилжүүлэн ачих хугацааг 420 минутаас 240 минут болгосон байна. Ингэснээр Монгол Улс 2017 онд транзит тээврийнхээ тоог 400 чингэлэгт хүргэх зорилт тавьжээ.
Монголын нутаг дэвсгэрийг дамнаж Орос, Хятадыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний таван шугам болон бусад дэд бүтцийг байгуулах төслийг тус улс “Талын зам” санаачилга гэж нэрлээд байна.
Талын зам төмөр замын коридорууд байгуулагдсанаар 2015 онд 68 тэрбум ам.доллар байсан хөрш хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэж тооцоолжээ.
“Транзит Монгол-2017” форумын үр дүн, хүлээлтийн талаар ОХУ, Монгол, БНХАУ-ын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийллээ.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.ЦОГТГЭРЭЛ: Форумын эхний үр дүн шууд гарлаа

Бид тарифын эрс шинэчлэлүүдийг хийнэ гэдгээ амлаж байна. БНХАУ-тай Монголоос авах ачааны төрлийг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Эрээний боомт манайхаас хүлээж авдаггүй байсан ачааны нэр төрлийн жагсаалтын журамд өөрчлөлт оруулах тухайгаа илэрхийлсэн. Энэ нь тус форумын гол үр дүн юм.
ОХУ-ын Тээврийн яамны харьяа Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В МИЦУК: Тарифаа тэглэвэл төмөр замын ажилчдаа тэжээж чадахгүйд хүрнэ

Форумын үеэр үнийн асуудлыг сөхөж ярилаа. Тариф байх ёстой, тэнцвэртэй түвшиндээ тогтоогдсон. Тариф төмөр замд орлого олох боломжийг нь олгосон байх ёстой. Бид тэглэж болно. Гэвч Улаанбаатар төмөр замын ажилчдаа тэжээж чадахгүйд хүрнэ. Хэдий эдийн засаг хүнд байгаа ч бид тарифыг хөнгөлж, буулгасан. Энэ нь тээврийн хэмжээг өсгөх замаар уян хатан бодлого хэрэгжүүлэх хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.ЖИГЖИДНЯМАА: Бид тээврийн хурдаа нэмлээ

Монгол Улсын транзит потенциал өссөнийг харууллаа. Хоёр хоногийн өмнө бид Хятадын төмөр замын компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Бид тарифын хөнгөлөлт эдлүүлэхийг гадныхнаас гуйдаг байсан бол одоо өөрсдөө хөнгөлөлт үзүүлж эхэллээ. Ингэснээр ачааны хэмжээнээс ашиг олох боломж бүрдэнэ гэж харж байна. Мөн бид тээврийн хурдаа нэмэгдүүлж, гаалийн үзлэгийг нэг цонхны үйлчилгээнд оруулсан.
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүн Б.ЛХАГВАСҮРЭН: Дөт зам хэдий ч тээврийн хөлс өндөр байвал манай замыг сонгохгүй

Төр болон дамжин өнгөрөх галт тэргэнд гурван улсын төрөөс дэмжлэг үзүүлж байна. Холбох хүмүүс нь тээвэр зуучид юм. ОХУ-ын төмөр зам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хятадын төмөр замынхан илтгэл тавилаа. Бүх илтгэлээр гурван талаас хил хязгаар тогтоохгүйгээр ачааг манайхаар явуулъя гэж ярьж байна. Тээвэр зуучийн байгууллагууд ч нааштай хүлээн авч байна. Казахстан манайхаас ачаа тээврийг сүүлд эхэлсэн хэрнээ явуулсан галт тэргийн тоогоороо манайхаас түрүүлсэн байна.
Хэдийгээр дөт зам гэж ярьж байгаа ч тариф буюу тээврийн хөлс нь өндөр байвал манай замыг сонгохгүй. Тиймээс үнийн хөнгөлөлтийг их сонирхож байна.
Хятадын Олон улсын тээвэр зуучлагчдын холбооны Тээврийн комиссын Нарийн бичгийн дарга ЛИН БЭЙЖАН: Монголоор транзит тээвэр хийх нь илүү ирээдүйтэй харагдаж байна

Манжуур, Казахстаны төмөр замын гарцуудаас Монголын төмөр замаар транзит тээвэр хийх нь илүү ирээдүйтэй харагдаж байна. Гэвч техникийн шинж чанартай өргөн нарийн царигийн асуудал бий. Манай талаас үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал гэж харж байна. Гэвч энэ нь ганц Монголын асуудал биш. “Нэг бүс-Нэг зам” төслийг хэрэгжүүлж буй гурван оронд тулгарч буй хүндрэл юм. Ирэх жилийн эхээр энэ асуудлыг эцэслэн шийдэх хүлээлттэй байна. Мэдээж энэ асуудал дээр ОХУ болон Монгол Улс дэмжлэг үзүүлэх болов уу.

Форумын төгсгөлд Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо CIFA буюу БНХАУ-ын тээвэр зуучийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэд Хятадын тээвэр зуучийн холбоогоор дамжуулан тээвэр зуучийн байгууллагуудтай харилцаж байгаа бөгөөд санамж бичигт цаашид хамтарч ажиллаад, мэдээллээ солилцож, ажилчдаа сургах тухай заалтууд орсон талаар хэллээ.
Ийнхүү "Транзит Монгол 2017" олон улсын форум амжилттай болж, Европоос Азид, Азиас Европт хамгийн богино хугацаанд дөт замаар Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээврийг аюулгүй, найдвартай таатай нөхцөлд тээвэрлэх боломж бүрдсэнийг олон улсад танилцууллаа.







Сэтгэгдэл (0)