Явган хүний зам хумслагчдаас татвар авъя

 

        Түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдрал үргэлжилсээр. Энэ их хөдөлгөөн дунд өдөр, шөнийг үл анзааран нэг л мэдэхэд цаг хугацаа хөвөрч, жилийн дөрвөн улирал ээлжилсэн байх юм. Өглөө, орой ажил, гэр рүүгээ яаран алхах улаанбаатарчууд бид урдаа яваа хэн нэгэнтэй зөрж бус, тойрон гүйх шахам хурдлан алхаж, хугацаа хожихоо мэддэг ч яагаад ингэж явах ёстойгоо төдийлөн ойлгохгүй юм. Та анзаарсан л байлгүй. Явган хүний зам хоёр гурван хүн зөрөх үйлд хэмжээтэй өргөн байх ёстой. Гэтэл ганц хүн алхах өргөнтэй болчихсон байна. Энэ нарийн замаар хүмүүс хоорондоо зөрөх гэж бухимдаж, маргалдаж байгаа харагддаг. Яг үнэндээ өнөөдөр ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хэн ч хүснэ. Энэ л шалтгааны улмаас албан газар, үйлдвэр үйлчилгээ явуулдаг иргэд байр байшиндаа өргөтгөл хийж, явган хүний замаас хумсалж байна. Гэвч үүний төлөөсөд нийслэлийн өнгө үзэмж алдагдаж, хүмүүсийн эрх ашиг алхам тутам зөрчигдсөөр байгааг юу гэж үзэх вэ. Иргэдийн тайван, чөлөөтэй алхах явган хүний зам, талбай байшингийн өргөтгөл, шатаар дүүрч зарим нь бүрэн хаагдаж, нөгөө хэсэг нь ердөө 50 см-ын өргөнтэй болчихжээ. Амиа таслуулах шахсан нарийн замаар иргэд зөрж өнгөрөхдөө зарим үед явган хүний замаар бус шатаар өгсөн, уруудаж бүр их яарсан үед автомашины замаар урсгал сөрж, машинд дайруулчих шахам алхаж байна. Автомашины замд стандарт байдаг бол явган хүний замд мөн ийм зүйл байх л учиртай. Явган хүний замыг хааж нарийсган барьсан өргөтгөлийг буулгах боломж хомс ч эдгээр газрын явган хүний зам руу түрж оруулсан шатны хэсгийг багасгах, буулгах бодит шаардлага бий болчихоод байгааг зөрж өнгөрөх явган хүний замгүй болсон нийслэлийн иргэд өөрсдөө гэрчилж байна. Явган хүний замаас хумсалсан өргөтгөл, хайс, шатыг буулгаж замыг чөлөөлж, боломжгүй хэсгээс нь нэг удаагийн болон жил бүр тодорхой хэмжээний татвар ногдуулан авдаг болбол яасан юм бэ. Хэрэв энэ тогтолцоо бүрдвэл цаашдаа явган хүний зам нарийсах халдлагад өртөхгүй байх боломж бүрдэх юм.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.179.25.181)

    2017-05-10

    Yadaj yavgan hunii zam deer mashinaa tavihaa bolimoor yum a