Зам, тээврийн салбарынхан бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилна
- 2017-05-15
- Нийгэм
- 0

Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгт ЗТХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа, ажлын үр дүнгээ танилцуулахаас гадна иргэд олон нийтэд чиглэсэн үйлчилгээг хөнгөлөлттэй, түргэн шуурхай үзүүлэх аж.
Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн катеринг буюу хоолны үйлчилгээний амталгаа, билет захиалгын үйлчилгээг авахаас гадна АН-2, ТВС-2 зэрэг онгоцууд тус өдөрлөгийн сонирхолтой үзүүлэнгийн нэг болох аж. Мөн хуучин автомашины үзэсгэлэн, шинэ техник технологийн үзэсгэлэн гаргаж, хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн УБТЗ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай галт тэрэгний талаарх танилцуулга мэдээлэл өгч, үйлчилгээг сайжруулж, билет захиалга, интернет захиалга зэрэг үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах ажээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)