74 улс кибер халдлагад өртжээ
- 2017-05-17
- Дэлхий
- 0

Дэлхийн 74 орны 45 мянган суурин компьютер энэ сарын 12-нд цахим халдлагад өртжээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр кибер дайралтад ОХУ, Испани, Их Британийн банк, санхүүгийн байгууллагууд өртсөн байна. Энэ удаагийн халдлагыг компьютерын мэдээллийг автоматаар түгжиж, мөнгө нэхэмжилдэг “WannaCry” вирусийн тусламжтай хийснийг “Касперский лаборатори” баталлаа. Улмаар “Касперский лаборатори” уг вирусээс хэрхэн хамгаалах талаар мэдээлэл гаргахаар болсон байна. Тус компанийн тогтоосноор 45 мянган компьютер халдлагад өртсөн. Дээрх компьютеруудад “WannaCry” (Wanna Decryptor) вирус тархсан байжээ.
Одоогоор кибер халдлагад өртсөн байгууллагуудын толгой компьютерыг түгжиж, 600 ам.доллар нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлээ “Bitcoin” гэх цахим валютаар төлөхийг шаарджээ. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн систем, Испанийн харилцаа холбооны “Telefonica” компани, Сан- Паулу мужийн шүүх зэрэг байгууллага хакерын халдлагын бай болов. Халдлагын талаар Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй “Эмнэлгүүд өвчтөний хувийн мэдээллээ кибер гэмт хэрэгтнүүдэд алдсан. Хакерууд зарим өвчтөний нууц мэдээллийг барьцаалж мөнгө нэхэмжилжээ. Тиймээс эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжгүй болж өвчтөнөө бусад эмнэлэгт шилжүүлсэн” хэмээв.
Мөн ОХУ-ын “Сбер банк”, Оросын төмөр зам, Дотоод хэргийн яамны сүлжээнд нэвтэрчээ. Түүнчлэн Оросын харилцаа холбооны “Мегафон” компанийн толгой компьютерыг хакердсан байна. ОХУ-ын Дотоод яамны мэдээлснээр энэ удаагийн халдлагыг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан “Wanna Cry” вирусийн шинэчилсэн хувилбараар үйлджээ. Уг вирус компьютер дээрх файлуудыг “WNCRY” өргөтгөлтэй болгон цоожилдог байна. Улмаар компьютерын дэлгэцэд мөнгө нэхсэн мэдээлэл гарч ирнэ. Түүнчлэн хугацаа заасан тоолуур ажиллаж эхэлдэг аж. Зарим эх сурвалжууд уг вирусийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ашиглаж байсан системийн алдаан дээр үндэслэж зохиосон гэжээ. Өнгөрсөн оноос эхлэн хакерууд Үндэсний аюулгүй байдлын агентлагийн сүлжээнд нэвтэрч зарим материалыг нь олон нийтэд дэлгэсэн билээ. Үүнтэй холбогдуулан “Microsoft” компани “Windows” үйлдлийн системээ шинэчилж, антивирусийн үнэгүй системээ сайжруулсан юм.
Урьдчилсан судалгаагаар “Microsoft Security Bulletin MS17-010” сүлжээний эмзэг байдлыг далимдуулан “WannaCry” вирус дамжсан гэж үзсэн. “Касперский лаборатори” энэ удаагийн вирусийг “MEM:Trojan.Win64.EquationDrug.gen” гэж тайлсан байна. Тиймээс “Microsoft” компаниас гаргасан вирусийн эсрэг программ суулгаж, сүлжээний эмзэг байдлаа зогсоохыг уриаллаа. Мөн сүлжээний бүх зангилаанд вирусээс хамгаалах систем ажиллаж буй эсэхийг шалгаж байхыг “Касперский лаборатори” анхааруулжээ. Европын холбооны аюулгүй байдал хариуцсан Европол агентлагийн захирал "ITV" телевизэд өгсөн ярилцлагадаа "Цаашид цахим халдлага үргэлжилж магадгүй" гэж анхааруулсан байна.
Европол агентлагийн захирал Роб Уэйнрайт “Бид олон улсын хэмжээнд цахим халдлагын эсрэг жилдээ 200 орчим ажиллагаа зохион байгуулж явуулдаг. Гэхдээ бид одоогийнх шиг ийм том цар хүрээнд цахим халдлагад өртөж байсангүй. Үүнд Европын томоохон компаниуд, Засгийн газрын агентлаг, институтүүд цахим халдлагад олноор өртлөө. Энэ бол дэлхийг хамарсан олон улсын асуудал” гэж мэдэгдсэн байна. Европоос гадна АНУ, Азийн томоохон компани, эмнэлгийн байгууллагуудын компьютерын систем олноор цахим халдлагад өртжээ.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)