Илон Маск: Генетиктэй холбоотой нээлт, судалгаа бүр ирээдүйд голлох үүрэг гүйцэтгэнэ
- 2017-06-03
- Дэлхий
- 0

Технологийн гигантуудын “өлгий нутаг” Цахиурын хөндийн суутан Илон Маскийн “ThinkTank” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Дэлхийн брэнд “PayPal”, “Zip2”, “SpaceХ”, “Tesla Motors”, “Solar City”-ийг үүсгэн байгуулагч энэ эрхмийн оюун санаа технологийн хөгжлийг шинэ төвшинд гаргаж, хүн төрөлхтний хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж буй юм. Өдгөө 45 настай ч 15.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй түүнийг дэлхийн баячуудын нэгд зүй ёсоор багтаадаг. Хөрөнгө мөнгийг бус, хөгжил дэвшил хүн төрөлхтний түүхэнд мөнхрөх зүйлийг нийгэм, хойч үедээ үлдээхийг чухалчилдаг түүнийг “дараагийн Стив Жобс” ч гэж нэрлэх нь бий. Түүний толгойлдог агуу сэтгэгч Никола Теслагийн нэрээр нэрлэсэн “Tesla Motors” компани нь зах зээлийн үнэлгээгээрээ “General Motors” болон “Ford Motor” компанийг гүйцэж, АНУ- ын хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч болжээ. “Tesla Motors”-ийн үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн цахилгаан автомашин болох “Model S” загвар нь АНУ-д хамгийн өндөр борлуулалттай автомашинаар тодроод байгаа төдийгүй шинэ загвар “Model 3” нь дэлхийн зах зээлд асар их хүлээлтийг үүсгээд байна.
-Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Та ирээдүйн талаар ямар үзэл бодолтой байж, хүн төрөлхтний хийж буй зүйлийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Миний хувьд өчүүхэн төдий ч хамаагүй нийгэмд ач тустай зүйл хийж буй хүн хамгийн зөв амьдарч байна гэж боддог. Заавал дэлхийг өөрчлөх зүйл байх албагүй шүү дээ. Хэн нэгэнд үнэ цэнэтэй, хүртээмжтэй байх нь чухал. Тоглоом бүтээж, зураг түгээх аль нь ч байсан ялгаагүй. Багахан үр ашигтай ч олон хүнд хүрч, нийгэмд нөлөөлөх нь гол зорилго юм. Ирээдүйн тухайд энэ зууны хөгжлийн нэгэн том үзүүлэлт нь хиймэл оюун ухаан. Энэ зүйл бий болж, улам дэвшингүй боловсорч байгаа нь бүтээн байгуулалтад суурилсан гайхалтай ирээдүйн баталгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн генетиктэй холбоотой нээлт, судалгаа бүр ирээдүйд голлох үүрэг гүйцэтгэнэ. Генетикийн гаралтай эмгэгийг шийдвэрлэж чадвал альцгеймер зэрэг мэдрэлийн ноцтой өвчнийг эмчлэхэд том тус юм.
-Залуус “Дараагийн Илон Маск болмоор байна. Ингэхийн тулд юу хийх ёстой вэ” гэж ярьж байхыг сонссон. Миний бодлоор дараагийн Илон болохыг хүсвэл олон төрлийн зүйлийг сонирхож, хүчээ сорих ёстой байх. Та залуу байхдаа яг юу хийдэг байв?
-Би залуудаа одоогийн бий болгосон бүхий л зүйлээ хийнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Коллежийн оюутан байхдаа буюу 25 жилийн өмнө амьдралын олон өнгийг мэдэрч, тогтвортой эрчим хүчний дамжуулах хурдыг нэмэгдүүлэх, интернэтийг өргөн хүрээнд хамруулах, генетик болон хиймэл оюун ухааны тухай л боддог байсан. Цахилгаан автомашины хөгжүүлэлтэд гар бие оролцохсон гэж мөрөөддөг байсан учраас автомашины эрчим хүчийг хадгалах ултьра конденсаторт гол анхаарлаа хандуулж байлаа. Стэнфордын их сургуульд сурч байхдаа цахилгаан автомашины эрчим хүчийг тогтворжуулах тухай дэвшилтэт судалгаагаа эхлүүлж байв. Онцгой технологийн эрин үе биднийг хүлээж байгаа юм шиг санагдсан учраас Стэнфордод докторын зэрэг хамгаалахаас илүү судалгаагаа эн тэргүүнд тавьсан. Доктор хамгаалаагүй ч дэлхийн практикт нөлөөлөх зүйлийг хэн ч бүтээж болно. Миний залуу насны гол зорилго амжилттай технологийг бүтээж, хүмүүст хэрэгтэй зүйл хийх байсан. Би үүнийгээ хамгийн оновчтой шийдвэр байж гэж боддог.
-Би таны эрэлхэг бөгөөд боломжгүй мэт содон санаатай шууд нүүр тулдаг занг хүндэлдэг. Хаанаас тэрхүү шийдвэр гаргадаг эрэмгий зориг, дотоод хүч чадал тань гардаг юм бэ?
-Үнэндээ би маш их айдастай амьдардаг хүн. Бусадтай л адил ямар нэгэн байдлаар айдсыг мэдэрдэг. Гэхдээ өөрийнхөө чухал гэж итгэсэн зүйлийнхээ төлөө шаргуу зүтгэдэг хүч тэрхүү айдсыг дарангуйлдаг байх. Хүмүүс заримдаа хувь төөрөгтөө итгэж айж байгаа учраас “Хийхээ болилоо” гэдэг. Миний хувьд “SpaceX” компанийнхаа үйл ажиллагааг анх эхлүүлж байхад амжилтад хүрнэ гэсэн найдлага 10-хан хувьтай байлаа. Байгаа бүхнээ алдаж ч магадгүй нөхцөл байдалтай байв. “Tesla”-ийн хувьд ч ялгаагүй бүх зүйл эхнээсээ амар байгаагүй. Гэхдээ би зүгээр л өөрийн зөн совин, хүсэл тэмүүллээ дагаж айдсаа ялсан.
-Та хиймэл оюун ухааны тухай нэлээд их ярих юм. Хиймэл оюун ухааны талаар ямар төсөөлөлтэй байна вэ?
-Юун түрүүнд ямар нэгэн бүтээгдэхүүнийг сурталчлаагүй гэдгээ онцлон хэлье. Миний хувьд үүнийг эергээр харахыг хичээдэг. Хиймэл оюун ухаан нь аливаа зүйлийг орлуулж болох хамгийн дэвшингүй, боломжит хувилбар. Гэхдээ үүнийг хүссэн хүн, байгууллага бүр захирч чадахгүй. Хүн төрөлхтөнд заналхийлж буй нэгэн төрлийн маш том аюул юм. Ямар нэгэн дарангуйлагч эсвэл муу хүн үүнийг удирдвал тогтворгүй нөхцөл байдал үүснэ. Хиймэл оюун ухаан эхэндээ гайхалтай санагдаж байгаа ч эцсийн дүндээ хэн үүнийг алсаас хянаж байгаа нь мэдэгдэхгүй. Миний санаа зовж буй гол зүйл бол хэн нэгэн этгээд муу зүйл хийхийн төлөө үүнийг ашиглахвий гэдэгт түгшиж байна. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнөөс илүү ухаантай болж хяналт тогтоож, устгах аюул бий гэж боддог.
-Нэр нөлөө бүхий чадварлаг бизнесмэний хувьд олон компанийн амжилтын замналыг хажуунаас нь харсан байх. Тэгвэл та өөрийн үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй “OpenAI” компанийн ирээдүйн тухайд юу хэлэх вэ?
-“OpenAI”-ийн үйл ажиллагаа тогтвортой, сайн явж байна гэж боддог. Сайн баг хамт олонтой учраас цаашид алзахгүй байх. Тэд маш чадварлаг төдийгүй чин сэтгэлээсээ, шаргуу ажилладаг. Бид бизнесийнхээ мөн чанар, ирээдүйн төлөвийг ойлгож, харж чадсан учраас амжилтад хүрнэ гэж итгэж байна.
-Олон компанийг зэрэг удирдан, залж яваа энэ эрхэм чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг бол?
-Надад чөлөөт цаг гэх зүйл бараг байдаггүй. “SpaceX”, “Tesla Motors”-ийн хооронд явсаар байгаад л таардаг. Мэдээж “OpenAI” компанидаа зориулж тодорхой цагийг төлөвлөсөн.
-Тэгвэл “Tesla”, “SpaceX” дээр байхдаа цагийг хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Сайхан асуулт байна. Хүмүүс намайг чөлөөт цаг ихтэй, цахим хаягаа шалгаад л, бизнес уулзалтад оролцож өдрийг өнгөрөөдөг нэгэн гэж боддог байх. Гэхдээ бүх зүйл эсрэгээрээ. Би өөрт ногдсон цаг хугацааныхаа 80 хувийг инженерчлэл загвар гаргахад зориулдаг. Дараагийн үеийн бүтээл хийхийн тулд энэ хоёр зүйлд анхаарах зайлшгүй шаардлагатай.
-Та санахгүй байж магадгүй юм. Гэхдээ олон жилийн өмнө “SpaceX” компанийн лабораторид зочилж байлаа. Тэр үед надад гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь та пуужин бүрийнхээ элемент бүрийг мэдэж байсан. Инженер технологийн талаар өргөн мэдлэгийг нь тань харахад гайхалтай санагдсан шүү. Гэхдээ хүмүүсийн олонх нь таныг ийм гэж мэдэхгүй байх?
-Тийм ээ. Хүмүүсийн олонх нь намайг бизнесмэн л гэж боддог. Бизнестээ анхааралгүй яахав. Гэхдээ бодит байдал дээр хамтран эзэмшигч маань хууль, санхүү, бараа бүтээгдэхүүний борлуулалт гээд бизнесийн ерөнхий үйл ажиллагаанд голчлон анхаарал тавьдаг. Харин миний хувьд бүх цагаа инженерийн багтай хамт өнгөрөөдөг. “Falcon 9” пуужин болон “Dragon” хөлөг, “Mars Colonial” тээвэрлэгчийн загвар, бүтцийг сайжруулахад анхаарлаа хандуулж байна. “Tesla” компанид ч ялгаагүй удахгүй зах зээлд гарах “Model 3” загварыг тансаг зэрэглэлийн харагдуулахад ач холбогдол өгдөг. Ерөнхийдөө үйлдвэрийнхээ үйл ажиллагаатай танилцаж явах үеэрээ л амарчихдаг юм.
-Танаас нэг саваагүй асуулт асууя. Хэрвээ та “General Motors”-ийн ерөнхий захирал байсан бол юу хийх байсан бэ?
-Эхний ээлжид үнээ буулгана. Дараа нь сайн бүтээгдэхүүн бий болгох ажилдаа орох байх. Автомашин үйлдвэрлэгч компаниуд санхүүгийн маш олон бэрхшээлтэй нүүр тулгардаг. Тэд хагас зуун жилийн өмнөх хуучирсан менежментийн загварт хүлэгдэн ажиллаж байна. Энэ нь магадгүй тэднийг шинээр гарч ирж буй компанид хурдан гүйцэгдэх нэгэн сул тал нь байж болох юм.
-Автомашин үйлдвэрлэгч компаниудад гэрэл гэгээтэй мэдээ юу байна вэ?
-Нүүрстөрөгчийн хийг бууруулах зорилго бүхий 25 тэрбум ам.долларын хөрөнгөтэй сангийн журмаар бага хүүтэй зээл олгож эхэлснээс хойш автомашин үйлдвэрлэгчид хайбрид загварт нэлээд ач холбогдол өгөх болжээ.
-Та Хятад улс цахилгаан автомашины зах зээлд хүч түрэн орж ирж өрсөлдөөн нэмэгдэнэ гэж санаа зовж байв уу?
-Бидний БНХАУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбараас анзаарсан зүйл гэвэл тэдний цахилгаан автомашин хангалттай төвшний боловсронгуй биш. Гэхдээ Хятадад үүнийг хурдан хугацаанд боловсронгуй, дэвшингүй болгох хүчин чадал бүрэн бий. Өнөөгийн байдлаар “Тесла”- гийн автомашины эрчим хүчний нягтрал, хурд, найдвартай, аюулгүй байдалтай харьцуулахаар хэмжээнд хөгжөөгүй гэж бодож байна.
-Цахиурын хөндийн гол тоглогчийн хувьд асуухад “Google” компани Твиттерийг худалдаж авах болов уу?
-Хэрвээ би “Google” компанийн удирдлага байсан бол аль хэдийнэ худалдаад авчихсан байх байсан юм. Энэ бол маш ухаалаг алхам гэж боддог.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)