Приянка Чопра: Үнэгүй үдийн хоол гэж байдаггүйг мэддэг учраас хөдөлмөрлөдөг

        Энэтхэгийн гоо бүсгүй, 2000 оны Дэлхийн мисс, дуучин, жүжигчин, найруулагч Приянка Чопрагийн “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Авьяас, гоо үзэсгэлэн төгс бүрдсэн энэ бүсгүйг “TIME” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэжээ. Болливудын тайзнаас Холливуд хүртэл гэрэлтсэн үзэсгэлэнт Приянка нь олон улсад танигдсан Энэтхэг уран бүтээлчийн нэг юм. Мөн түүний шинэ уран бүтээл “Baywatch” кино энэ сарын 25-нд дэлхий даяар нээлтээ хийсэн байна.

 

-Шинэ уран бүтээл болох “Baywatch” киноныхоо саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Кино маань амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ кинонд америк мөрөөдлийн тухай гардаг. Киноны бүхий л зүйл гайхалтай. Төсөөлөх төдийд усны хувцастай залуус Малибу далайн эргээр гүйгээд л үзэсгэлэнтэй зураглал бууж байна.

 

-Та бараг туршлагагүй ч Болливудад өөрийн өнгө төрхийг нэмэн гарч ирсэн цаг саяхан. Жүжиглэж үзээгүй бяцхан Приянкагийн тухай дурсвал?

 

-Үнэндээ би их буруу бодолтой байсан. “Гоё хувцаслаад цаасан дээрх үгийг нийлүүлээд уншихад юу нь хэцүү байдаг байна. Хөөрхөн төрхтэй байхад л болчихно шүү дээ” гэж боддог байлаа. Одоо тэр үеийг бодохоор ичмээр санагдаж байна. Киноны зургийн талбайд анх гараад өөрийгөө ямар арчаагүй харагдаж байгаагаа мэдэрсэн. Би анх бүтэлгүйтсэн. Гэхдээ сурахыг маш их хүссэн учраас дахиад л оролдсон. Гэсэн ч бас л алдсан. Үүний дараагаас л даруу төлөв байж суралцаж эхэлсэн.

 

-Танд заримдаа энэ бүх зүйлээс залхах мэдрэмж төрдөг үү?

 

-Би бүх зүйлд сэтгэл хангалуун болсон үедээ л зогсоно. Хүмүүс намайг ямар гоё хүлээн авч байгааг мэдэрдэг. Жүжигчин байх хэцүү. Анх 17 настайдаа олны өмнө гарч байлаа. Унаж, босч явсан үе надад бий. Гэхдээ энэ бүхний үр дүнд Америк, Энэтхэгийн энтертейнмэнт зах зээлд өөрийн гэсэн орон зайг бий болгож эхэлсэн. Нэг зүйлийг удаан хийвэл уйдчихдаг зантай ч өөрийгөө сорих зүйл, хүрэх зорилго олон байгаа учраас тийм ч амархан залхахгүй байх. Бие, бялдрын хувьд ядарч, сульдах үе байдаг ч оюун санаагаараа үүнийг ялан дийлдэг. Би юу хийхээ мэддэг хүчтэй охин.

 

-Шинээр хийж буй зүйл тань амжилтгүй болохвий гэсэн айдастай нүүр тулгарч байв уу?

 

-Ер нь айдас мэдэрдэггүй. Иймэрхүү зүйлээс айж, өөрийгөө сандаргахыг хүсэхгүй байна. Бүтэлгүйтсэн үедээ хэдэр ааштай болчихдог ч үүнийг бодоод шаналаад байх шаардлагагүй. Олны танил хүн марафон гүйлтийн тамирчинтай адилхан гэж боддог. Хэн, хэнд нь асар их хариуцлага бий. Хэрэв жүжигчин өөртөө анхаарал хандуулж чадаагүйгээс болоод өвдвөл тухайн зураг авалтыг цуцлах болно. Тэгэхээр тэр өдөр дор хаяж 300 хүн цалин авахгүй гэсэн үг. Үүнээс л би хүн бүрийн хөдөлмөр, хийж буй ажлыг хүндэтгэхэд суралцсан. Тиймээс би тамирчин шиг сахилга баттай болохыг хүсч байна. Төрсөн өдөр, уламжлалт баяр, ойн ёслолын үеэр ажиллаж л байдаг ч үүнийгээ ганцаараа ажиллаад юмнаас хоцроод байна гэж бус суралцаж байна гэж хүлээж авдаг. Надад өмнөө тавьсан зорилго, мөрөөдөл бий. Энэ дэлхий дээр үнэгүй үдийн хоол гэж байдаггүй юм. Тиймээс айдас ярьж суухын оронд хөдөлмөрлөх хэрэгтэй.

 

 

-Нэр хүндтэй болж, нийгэмд үзүүлэх нөлөөлөл тань нэмэгдэхийн хэрээр янз бүрийн сорилттой тулгарч байгаа байх. Сорилтыг хэрхэн хүлээн авдаг вэ?

 

-Эцэг, эх минь намайг үргэлж дэмжиж, зоригжуулдаг байсан. Тэд үргэлж “чи чадна” гэж хэлдэг байлаа. Миний бодлоор аливаа зүйлтэй зоригтой тулдаг зан чанар, мэдрэмж эцэг, эхийн минь надад өгсөн тэр зүйлээс л гардаг байх. Ээж минь үргэлж л “Чи минь энэ гараг ертөнцөөс ч илүү том зүйлийг хийх хүч чадалтай. Гэхдээ амьдралд олон асуудал бий. Хэцүү санагдсан бүх зүйлээ ээждээ хэл. Би заавал туслах болно” гэдэг байв. Харин аав “Чи хэн нэгнийг алж, машин мөргөсөн ч бай аавдаа санаа зоволтгүй хэл. Аав нь чинийхээ төлөө бүх зүйлийг зохицуулах болно” гэдэг байсан. Миний төлөө бүхнийг хийхэд бэлэн аав, ээж ард талд минь байсан учраас сорилтоос айхгүй болж өссөн байх.

 

-Аав тань тэнгэрт халиад тийм ч олон жил өнгөрөөгүй байна. Аавыгаа нас барсны дараа та “Энэ бүхэн бодит биш” гэж хэлж байсан. Одоо ч тэгж санагддаг хэвээрээ юу?

 

-Хачирхалтай нь, тийм ээ. Аав миний хамгийн том хөгжөөн дэмжигч байсан. Ямар ч нэвтрүүлэг, шагнал гардуулах ёслолд үргэлж л миний хажууд, охиноо хараад л зогсдог байсан. Хэрвээ би тэмцээн уралдаанд түрүүлчихвэл аав маань яг л 10 настай хүүхэд шиг баярлаж, хөөрдөг байж билээ.

 

-Таныг 12 настайдаа Америкт амьдрахаар авга ахындаа ирсэн гэж сонссон. Тухайн үед ямархуу байсан бэ?

 

-Би зуны амралтаараа ээж болон ахынхаа хамтаар авга ахындаа зочлохоор Америкт анх хөл тавьж байлаа. Үеэл дүүгийнхээ сурдаг сургуульд зочлоход үнэхээр гоё санагдсан. Дүрэмт хувцас өмсөхгүй, сургууль дээрээ өөрийн гэсэн шүүгээтэй. Мөн тэдний хичээл амархан санагдсан. Тэгээд л дотроо “Би юу ч хийхгүй байсан ч онц дүн авчих юм байна” гэж бодсон. Энэ мөчөөс хойш Америкт үлдэхийн тулд яах ёстой бол гэсэн бодол толгойд эргэлдсэн юм. Америкт сургуульд сурмаар байгаагаа ээждээ хэлэхэд тэр зөвшөөрсөн. Ингээд л авга ахындаа үлдсэн юм. Анх ирээд Айовад амьдарч байсан. Үүний дараа Нью- Йорк, Индианаполис, Бостонд амьдарсан.

 

-Төрсөн нутаг Энэтхэгээ орхиход хэцүү биш байсан гэж үү?

 

-Америкт ирсэн эхний жил үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би дасан зохицох чадвартай учраас болоод л байсан юм. Энэтхэгт байхад аав цэргийн хүн учраас хоёр жил тутамд өөр газар руу нүүдэг байв. Тэр үед аав “Шинээр очиж буй газар, хот бүр чинь чамд хэн байхаа шийдэх боломж олгодог. Хэрвээ чи энэ сургуульд сайн сурахгүй байсан ч дараагийнхад нь шилдэг бүжигчин болж болно” гэж хэлдэг байсан. Тиймээс би ямар зан араншинтай, хувийн төлөвшилтэй байхаа үргэлж бодож, тодорхойлдог байлаа.

 

-Амьдралаа шинээр эхлүүлсэн юм шиг санагдаж байна. Гэхдээ яагаад VII ангидаа Энэтхэг рүү буцсан юм бэ?

 

-Энэ талаар дурсвал асар их доромжлолыг амсч, дээрэлхүүлж байсан Приянкагын тухай ярих хэрэгтэй болно. Сургуульд байхад нэг охин надад үнэхээр аймшигтай ханддаг байсан. Миний бодлоор түүний найз залууд би таалагддагг учраас тэр надад дургүй байсан байх. Тэр охин миний амьдралыг там болгосон. Олон хүүхдийн дунд нэрийг минь чангаар дуудан, зодож дээрэлхдэг байсан. Би ахлах сургуулийн амьдрал тийм ч тайван биш, хүн бүр жаргалтай байдаггүйг мэднэ. Гэхдээ сэтгэл зүйн хувьд хүнд байсан учраас ээждээ энэ тухай хэлээд эргэж очих ёстой эсэхээ асуухад тэр минь хурдан нисч ирээд намайг Энэтхэг рүү аваад явсан.

 

 

-Та гадаад төрхөөрөө үргэлж олны анхаарлын төвд байсан уу?

 

-15 настайгаа хойш.

 

-Танд энэ нь сайхан санагддаг байсан уу. Эсвэл эсрэгээрээ эвгүй мэдрэмж төрүүлдэг байв уу?

 

-Эвгүй байсан гэж хэлэхгүй. Миний хүсэл зорилгод сайнаар нөлөөлсөн гэж боддог. 15 нас хүрэхээсээ өмнө би өөрийнхөө гадаад төрхөнд гутардаг байсан. Хэтэрхий туранхай, муухай арьстай гэж сэтгэлээр унадаг байлаа.

 

-Та америкт байхдаа арьсны өнгөндөө дургүй байсан уу. Эсвэл Энэтхэгт үү?

 

-Энэтхэгт байхдаа дургүй байсан. Учир нь, тэнд цайвар арьстай хүнийг хөөрхөнд тооцдог.

 

-Миний хувьд би өнгөт арьстай учраас та надад цайвар царайтай хүн шиг л санагдаж байна. Гэхдээ бараан төрхтэй гэдэгтээ санаа зовох яг ямар байдгийг хүмүүс сайн мэдэхгүй байх?

 

-Тийм ээ. Охид намайг “Хөөрхий минь ямар хар царайтай юм бэ. Хэцүү л байдаг байх даа” гэдэг байсан. Энэтхэгт “долоо хоногийн дотор таны арьсыг гэрэлтүүлнэ” гээд цайруулах тосны сурталчилгаа их гардаг. Хүүхэд байсан болохоор тиймэрхүү тосыг ихээр түрхдэг байж. 20 нас хүрээд жүжигчин болсон хойноо арьсныхаа өнгийг муухай биш гэдгийг ойлгож, гоо үзэсгэлэнтэй харагддагаа мэдэрсэн юм.

 

-Тэгвэл Америкт таны арьсны өнгийг бараанд тооцдог байсан уу. Ер нь энд байхад хэцүү зүйл хэр их байв?

 

-Анх ирээд хүмүүсийн олонх нь энэтхэгчүүд яг ямархүү байдгийг мэддэггүй санагдаж байсан. Гэхдээ хэн нэгэнд тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн бол бидний ч алдаа мөн байгаа байх. Хүүхдүүд намайг хачин, гажигтай гэж боддог байсан. Мэдээж би тэднээс өөр энэтхэг хоол иддэг, дуудахад хэцүү нэртэй.

 

-Карри үнэртэхвий гэж айдаг байсан уу?

 

-Намайг дээрэлхдэг байсан охин үргэлж Карри гэж дууддаг байлаа. Мэдээж хүүхэд учраас тиймэрхүү зүйлээс айлгүй яах вэ. Хамгийн хэцүү нь ялгаварлан гадуурхалт.

 

-Та энэтхэг жүжигчин гэж бус өөрийнхөөрөө л танигдахыг хүсдэг гэсэн. Мөн өөрийгөө чамин, үзэсгэлэнтэй, мэдлэгтэй, бага зэргийн гаж гэж тодорхойлдог юм билээ. Гэхдээ энэтхэг эмэгтэйчүүд чамин гэдэг үгэнд их эмзэглэдэг гэж сонссон?

 

-Тийм ээ, таны зөв. Зөвхөн бид л бие, биеэ чамин гэж дуудаж болно. Харин гаднын хүн тэгж дуудвал эмзэглэх байх.

 

-Ямар сонирхолтой юм бэ. Яагаад?

 

-Энэтхэгт чамин гэсэн үг хэрэглэвэл гоёл чимэглэл хийдэг хайрцаг л санаанд буудаг. Тиймээс л эмзэглэдэг юм. Харин миний хувьд хэр баргийн зүйлд гоморхож, эмзэглэхээ аль хэдийнэ больсон. Учир нь, би өөрийгөө таньж, боловсруулж чадсан эмэгтэй. Заримдаа энгийн зүйлийг ч доромжлол гэж ойлгож галзууртлаа уурладаг үе надад байсан.

 

-Доромжлол таны бодит зан төрхийг харуулах зүйл гэж ойлгож болох нь ээ?

 

-Нэг удаа Европ руу нисч байхдаа онгоцны ариун цэврийн өрөө рүү явж байгаад үйлчлэгчтэй нь таарсан юм. Онгоцны үйлчлэгч надад “Ариун цэврийн өрөө эсрэг талд байгаа” гэсэн. Би ч “Үгүй ээ. Би зөв явж байна” гэхэд тэр “энэ бол зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан” гэж хариулсан. Би өөрийгөө нэгдүгээр зэрэглэлээр зорчиж яваагаа хэлэхэд нүд нь орой дээрээ гарсан мэт “Бурхан минь намайг уучлаарай” гэсэн. Тэр үед би ялгаварлан гадуурхсан өнгө аясыг мэдэрсэн ч эелдгээр “Зүгээр дээ. Та нэгдүгээр зэрэглэлийн зорчигч бүрийн царайг тогтоож чадахгүй шүү дээ” гэж хэлээд инээмсэглээд л өнгөрсөн. Харин өмнө нь “Болливудаас ирсэн юм уу” гэж хэн нэгэн хэлэх төдийд л уурладаг байлаа. Учир нь баруунд Болливуд гэхээр хүүхэлдэй шиг хүүхнүүд дуулж, бүжиглэдэг гээд шоглож ойлгодог юм. Энэтхэг бол дэлхийн нийт хүн амын тавны нэг хувь нь амьдардаг, дэлхийн кино урлагийн салбарт хамгийн олон уран бүтээлийг туурвисан улс. Тиймээс би хүмүүсийн дунд түгсэн нийтлэг ойлголтыг залруулж, өөрсдийгөө зөвөөр таниулахыг хичээх болсон.

 

-“ABC” телевизийн “Quantico” кинонд тоглосны дараа Америкт төдийгүй дэлхий даяар таны нэр хүнд өсч, жинхэнэ “од” болсон. Энэ том зах зээлд байр сууриа бэхжүүлсний дараа яг ямар мэдрэмж төрж байв?

 

-Тийм ч хачин, сонин содон санагдаагүй. Ердөө “Сайн тоглохгүй бол энэтхэгчүүд хэзээ ч олигтойхон дүр бүтээж чадахгүй юм байна гэж хүмүүс бодох байх даа” гэсэн бага зэргийн дарамттай мэдрэмж төрсөн.

 

-Сайхан бүсгүйд болзооны санал их ирдэг байх. Та амьдралынхаа талаар ярьж болох уу?

 

-Би хайр дурлалын хойноос хөөцөлддөг хүн биш. Учрал бүртээ ч итгэхээ больсон. Миний амьдралд олон янзын хэлбэр дүрстэй сайн сайхан учрал, тохиол олон бий. Тийм байхад би ийм сайхан зүйлээ үл тоож, цаг нь болоогүй зүйлийн хойноос шуналтаж, хайж явна гэж үү.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)