Тереза Мэй: Хориг тавьсан ч Европын холбооноос гарна
- 2017-06-03
- Дэлхий
- 0

Их Британийн парламентын сонгуульд өрсөлдөгч гол намын дарга нар телевизийн шууд мэтгэлцээнд оролцжээ. Тереза Мэй, Жереми Корбин нар нүүр тулан мэтгэлцэж байгаагүй ба энэ удаад үзэгчдийн асуултад шууд хариулснаараа онцлог байв. Тэдний мэтгэлцээнийг “Sky news” агентлаг шууд дамжуулсан юм. Тереза Мэй, Жереми Корбин нарын бодлогын зөрүүтэй байдал ажиглагчдын төдийгүй сонгогчдын анхаарлыг татлаа. Мэтгэлцээний үеэр Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын тэргүүн Тереза Мэй БРЕКСИТ- ийн хэлэлцээрийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр Их Британийн салан тусгаарлах бодлогыг Европын холбооны хурлаар эсэргүүцсэн тохиолдолд хэлэлцээрийг зогсоох болно гэдгээ мэдэгдлээ. Тереза Мэй БРЕКСИТ-ийн асуудлыг амжилттай шийдвэрлэх хүсэл зорилготой байгаа болон нарийн төлөвлөгөө боловсруулснаа ярьжээ. Тэрбээр “Энэ үнэхээр чухал зүйл. Учир нь, БРЕКСИТ- ийн хэлэлцээр сонгуулиас 11 хоногийн дараа эхэлнэ. Хэлэлцээрийг хойшлуулах ямар ч боломжгүй. Зогсоох ч эрхгүй. Европчууд төдийгүй би энэ хэлэлцээрт бэлэн. Цаг хугацааг нэгэнт товлосон учраас Брюссельд очиж Их Британийн төлөөх хэлэлцээрийг хэрхэн хийхийг та бүхэн харах л үлдлээ” гэж мэдэгдлээ.
Харин Английн сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин “Европын холбоотой сайн харилцаагаа хадгалж үлдэх нь чухал” гэдгийг онцолсон байна. Мөн “Иргэдийнхээ эрх ашиг, эдийн засгийн төлөө цагаачлалын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ. Хөдөлмөрийн намын сонгуулийн асуудал хариуцсан дарга “Энэ удаагийн мэтгэлцээнд Жереми Корбин илт давуу байсан” хэмээн твиттертээ жиргэжээ. Хөдөлмөрийн намын сонгууль хариуцсан дарга Эндрью Гвинн “Эхнээсээ л Тереза Мэй Жереми Корбинтой эн тэнцүү өрсөлдөж чадаагүй. Учир нь, ард түмэн Жереми Корбинтой хамт Тереза Мэйг шоолон инээж байсан. Миний тоолсноор үзэгчид Тереза Мэйг долоон ч удаа хүчтэй шүүмжиллээ. Хөдөлмөрийн нам шударга, эрх тэгш, илүү алсын хараатай гэдгээ ард түмэндээ харууллаа. Одоо батлах л үлдлээ. Ард түмэн Ерөнхий сайдаас нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ болон боловсролын салбарын санхүүжилтийн талаар дорвитой хариулт авсангүй” гэсэн байна.
Их Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин “Европын холбоог орхих бүх нийтийн санал асуулга нэгэнт болоод өнгөрсөн. Бид санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ бидний эн тэргүүний зорилт татваргүй худалдааны хэлэлцээр хийж, Европын зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжоо хадгалж үлдэх юм. Үүнийг бид хийх болно. Мөн бид Европын холбоотой ирээдүйд хэрхэн харилцах талаар нухацтай бодох ёстой. Түншлэлийн төдийгүй хөршийн харилцаагаа амархан таслах хэрэггүй л болов уу. Ирээдүйд бид цагаачлалын асуудлыг нарийн бодож төлөвлөж шийдэх ёстой. Энэ нь манай улсын ашиг сонирхол, эдийн засаг төдийгүй гэр бүлийн эрх ашигтай холбоотой юм” хэмээн онцоллоо.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)