Эмгэнэл:Цагаан адуучин Бадрах овогт Пүрэвийн Нямсүрэн

 

Монголын хөдөө аж ахуйн салбарын нэр хүндтэй ахмад зүтгэлтэн Пүрэвийн Нямсүрэн хүнд өвчний улмаас 2017 оны 6-р сарын 1-нд таалал төгслөө. Пүрэвийн Нямсүрэн 1938 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Баян-Овоо уулын өвөрт эхээс мэндэлжээ. 1959-1964 онд  Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр дүүргэж, 1966 онд ЗХУ-д шинжээч зоо-техникчийн нэг жилийн дээд курс төгсжээ.
Тэрээр 1964 оноос Булган аймагт малын үржил селекц хариуцсан мэргэжилтэн болж, аймгийн ХАА-н нэгдлийн зөвлөлийн анхны суурийг тавилцан, үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллажээ. 1970 оноос Сайхан сумын ерөнхий зоотехникч, нэгдлийн орлогч дарга, 1980 оноос Булган аймгийн Орхон сум-нэгдлийн дарга, 1992 оноос Орхон аймгийн хот тохижуулах газрын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.  
Пүрэвийн Нямсүрэн мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар гарцыг нэмэгдүүлж, үхрийг сүү-махны, хонин сүргийг нарийн ба нарийвтар ноосны чиглэлээр үржүүлж, адууг цуг сэлбэн сайжруулах ажлыг гардан зохион байгуулагчдын нэг байлаа.  Тэрчлэн 1974 онд улсад анх удаа Сайхан сумандаа “Түмэн адууны баяр” хийх ажлыг санаачлан зохион байгуулжээ. Тэрээр мал сүргээ өсгөн үржүүлэх, чанар үүлдэр угсааг нь сайжруулах, малчдынхаа аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө ямагт санаа тавьж, хүчин зүтгэж ирсэн мал аж ахуйн тэргүүлэх мэргэжилтэн, хөдөө аж ахуйн салбарын шилдэг удирдах ажилтан байлаа.
Пүрэвийн Нямсүрэн Монгол Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө өөрийн биеэр үлгэрлэн оролцож, хүүхэд ахуй цагаасаа үндэсний бөх барилдаж аймгийн баяр наадамд хоёр удаа, үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлсэн аймгийн хурц арслан цолтой бөх юм.
Пүрэвийн Нямсүрэн идэр залуугаасаа төрийн албанд хүчин зүтгэж аймгийн намын хорооны бүгд хурлын гишүүнээр 6 удаа, Аймгийн депутатаар 6 удаа, Сумын депутат болон Иргэдийн хурлын тэргүүлэгчээр 12 удаа сонгогдон ажилласан Монгол төрийн туйлбартай түшээ, нийгмийн идэвхтэй иргэн байлаа.  
Пүрэвийн Нямсүрэн Булган аймгийн Орхон сумын 116-р тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдон Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан юм. Монгол улсын Үндсэн хуульд “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” хэмээх заалтыг тусгуулсан депутатуудын нэг. 
Төр засгаас Пүрэвийн Нямсүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50,60,70,80,90 жилийн ойн медаль, Хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан, Тусгаар тогтнолын одон, Хөдөлмөрийн алдар медаль, Монгол улсын Засгийн газрын “Хүндэт жуух” бичгээр 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнасан юм.  
Пүрэвийн Нямсүрэнгийн хөдөлмөрч, чин шударга, даруу төлөв, хүнлэг нөхөрсөг тусч зан чанар, монгол ёс уламжлалаа залуу хойч үедээ өвлүүлэн хадгалах, Монгол төрийг улам хүчирхэг байлгахын төлөө хүчин зүтгэл бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

М.ЭНХБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ,  Ж,БАТ-ЭРДЭНЭ,
М.ОЮУНБАТ, З.БАТЗОРИГ Д.МОНДОО


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Amgaa (202.9.43.239)

    2017-06-04

    Um maa ni bad mi hum