Ж.Алтансүх: Монгол хүний хөлийн онцлогийг олон жил судалсны үндсэнд загвараа гаргадаг

 

        Үндэсний үйлдвэрлэгч тэр дундаа гутлын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг  “Чиг” гутлын үйлдвэрийн захирал Ж.Алтансүхтэй цөөн хором ярилцлаа. 

 

-Та үйлдвэрээ хэдэн онд байгуулж байсан бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

 

-Үйлдвэрлэлийнхээ гарааг 1993 оноос эхэлсэн. Тухайн үед гэртээ гутлаа оёдог байсан. 1995 оноос байр түрээсэлж ганц оёдлын машинтайгаар үйлдвэрлэлээ эхэлсэн. 

 

-Чиг гутлын үйлдвэр гэхээр одоо монголчууд анддаггүй. Энэ нэрийг хэн өгсөн юм бэ?

 

-Тухайн үед  хүмүүсийн сэтгэлгээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэдэг ойлголт бага байсан үе. “Сайхан хийсэн байна” гэхээс биш худалдаж авдаггүй байлаа. Үзэсгэлэн худалдаа дууссаны дараа зах дээр нэг өдрийн дотор бүгдийг нь борлуулсан.

 

Харин бид Германаас оруулж ирсэн боловсруулсан арьсаар үнэтэй гутлыг гадны шошго тавьж борлуулдаг байсан. Хүмүүс мэддэг, өгдөг болох үед Монголд үйлдвэрлэж байгаа гутлаа ил болгох хэрэгтэй гэж шийдэн “Чиг” гэдэг нэрийг өгсөн. Загварын чиг хандлага ямар байна бид тийшээ явна гэдгийг илтгэж байгаа хэрэг. Эхнэр бид хоёр ганц оёдлын машинтай эхлүүлж байсан үйлдвэрлэл маань өнөөдөр 10 гаруй ажилчинтай болж өргөжөөд байна.

 

-Өрхийн үйлдвэр эрхлэхэд бэрхшээл нэлээд гардаг байх?

 

-Тухайн үед түүхий эдээ олох зарим талаараа дутмаг байсан. Гутлын ул наадаг цавуу гэхэд зориулалтынх нь байдаггүй. Тийм цавуу оруулж ирнэ гэдгийг ч хүмүүс мэддэггүй байж. Польшоос гутлын ул оруулж ирж улладаг байсан. Цавуу муу байсан учраас ул нь сална. Үүнээсээ болоод шантарч байсан ч үе бий. Гэхдээ бид хэзээ ч үйлдвэрлэлээ зогсоож байгаагүй. Тоног төхөөрөмж, мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн ажилтан байгаагүй гээд бэрхшээл бий.

 

- Чиг гутлыг их загварлаг дээрээс чанартай гэх юм. Онцлог нь юунд байна вэ?

 

-Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортоор орж ирдэг брэндийн бүтээгдэхүүнээс чанараар дутахгүй. Бид хамгийн сайн боловсруулсан үхрийн шир, сайн цавуу, сүүлийн үеийн загвараар монголынхоо цаг уурын нөхцөлд тохируулж гутлаа үйлдвэрлэдэг. Мөн монгол хүний хөлийн онцлогийг олон жил судалсны үндсэнд загвараа гаргаж байгаа. Түүнчлэн үндэсний хэв шинжийг агуулсан зэрэг давуу талтай. Мөн бидний нэг давуу тал бол бүх ажиллагаа гар дамжлагатай. Гар аргаар хийсэн гутал илүү чанартай байдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Бидний хийсэн гутал хүйтэн, халуунд тэсвэртэй. Монгол хүний ясны онцлогт тохирсонгэдгээрээ онцлог.

 

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (107.77.109.26)

    2017-06-06

    Дэмжээд авмаар байх юм. Даанч хаанаас авах нь тодорхой бус байх юм. Дэмжих,дэмжигдэх гэж байгаа бол дэлгүүр эсвэл үйлдвэрийн хаягийг нь тавихад тийм хэцүү байсан юм уу?