Э.Энхзаяа: Өөрийгөө нээх, илүү таних, сорих, суралцах, хөгжих боломжийг илүүтэй олгодог
- 2017-06-07
- Үнэн
- 0
“Дэлхийн бүтээлч Монгол иргэнийг бэлтгэнэ” уриатай “Этүгэн” бүрэн дунд сургуулийн 9 дүгээр ангийн шилдэг сурагч Э.Энхзаяатай ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Эрдэнэбаатарын Энхзаяа гэдэг. Би “Этүгэн” бүрэн дунд сургуулийн 9 дүгээр ангийг энэ жил төгссөн. Ирэх намар 10 дугаар ангид орно.
-Яагаад “Этүгэн” бүрэн дунд сургуулийг сонгохоор болсон бэ?
-Манай сургууль сургалтын орчин маш сайтай. Дээрээс нь багш нарын сургах арга барил, сургалт сайтай нь миний болоод манай аав, ээжийн анхаарлыг илүүтэй татсан. Тиймээс “Этүгэн” бүрэн дунд сургуулийг сонгож, суралцахаар болсон.
-Улсын сургуулиудаас ялгаа нь юу байна вэ?
- Би өмнө нь нийслэлийн 115 дугаар сургуульд сурдаг байсан. Маш их ялгаатай. Өөрөөр хэлбэл, хувийн сургуулийн анги дүүргэлтийн хувьд цөөхөн хүүхэдтэй. Дээрээс багш нар нь сурагчидтайгаа тулж харьцах боломжтой. Өөрийнхөө сонирхсон хичээлээр илүү гүнзгийрүүлж, сурах нөхцөл бүрэн бүрдсэн. Хичээл тарсаны дараагаар ангидаа гэрийн даалгавраа хийх боломжтой. Түүнчлэн өөрийнхөө сонирхдог дугуйландаа явах боломжтой. Тодруулбал, өөрийнхөө боловсролд, сонирхолд, хобби гэх мэт зүйлдээ илүү анхаарах боломж бололцоог илүүтэй олгодогоороо давуу талтай.
-“Этүгэн” бүрэн дунд сургуулийг сонгосноороо өөртөө ямар давуу талыг бий болгосон бэ. Ямар, ямар амжилтуудыг гаргав аа?
-Би багаасаа л дуулж, бүжиглэх дуртай байсан. Урлагт дуртай хүүхэд байлаа. 2016 оны аравдугаар сард Хятад улсад болсон гурван улсын хүүхдийн фистивальд манай сургуулийнхан оролцоод Гран При шагналыг нь хүртсэн. Улсын чанартай олон тэмцээн уралдаанд манай сургуулийн сурагчид маш амжилттай оролцдог. Миний хувьд ч гэсэн олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон. Өөрийгөө нээх, өөрийгөө илүү таних, сорих, суралцах, хөгжих боломжийг илүүтэй олгодог.

- Анагаах, Эдийн засаг, Инженерийн лицей ангитай бүрэн дунд сургууль шүү дээ. Харин чиний хувьд ямар ямар хичээлдээ дуртай вэ?
-Физик, хими, математик, монгол хэл гэсэн хичээлүүдэд илүүтэй дуртай.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ. Мэдээж сонгосон байх?
-Мэргэжлээ сонгосон. Би ирээдүйд архитектур мэргэжилтэй болно. Түүнчлэн манай сургууль анагаах, эдийн засаг, инженерийн лицей ангитай бүрэн дунд гэдгээрээ бусад сургуулиадаас давуу талтай. Миний хувьд дизайн технологи буюу зураг зүйн хичээлийг түлхүү судлах бодолтой байгаа. Түүнчлэн манай сургууль хичээл хийх орчин сайтай. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжтой. Хичээлээ тараад өөр өөрийнхөө сонирхдог спортоор хичээлэх бүрэн боломжтой. Шатар, даам, морин хуур, сагсан бөмбөг гэх мэт олон төрлийн дугуйлан байдаг.

-Танай сургууль сурагчдад тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт хамрагдаж чадсан уу?
-Сурагчдыг хичээл сурлага, спорт, урлагаар гаргасан амжилтуудаар нь рейтинг оноогоор жагсаадаг. Миний хувьд энэ жил оноогоороо тэрүүлж, нэгдүгээр байранд орсон. Тиймээс сургалтын төлбөрөөс 40 хувийн хөнгөлөлт авсан байгаа. Үүндээ маш их баяртай байгаа. Энэ хэрээрээ бас гэр бүлдээ нэмэр болж байгаа.
-Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгждэг гэсэн. Үүнд хамрагдах сонирхол байдаг уу?
-Тийм ээ. Зургадугаар ангиас дээш сурагч солилцооны хөтөлбөрөөр явуулдаг. Миний хувьд гэсэн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах нууцхан хүсэл бий.
С.Наран

Сэтгэгдэл (0)