“1000 айлын түр суурьшлын орон сууцны төсөл” хэрэгжинэ

 

 

 

 

                                                                                                      

Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн зарим удирдлага, барилгын салбарын төлөөлөгчид БНХАУ-ын Бугат хотод ажиллаад иржээ. Тэд Бугат хотын орон сууцжуулах ажлын үйл явц, дахин төлөвлөлтийг хийхдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан туршлага болон шинээр байгуулсан хот тохижилтын ажилтай танилцсан байна.

 

Энэхүү ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга  Ц.Амарсанаа, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар,  Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан байна.

 

Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөн хөгжиж, худалдаа, эдийн засаг, техник технологи, тэр дундаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт улам бүр идэвхтэй хамтран ажиллах болсон. Монгол Улсын гадаад бодлогод манай өмнөд хөрш БНХАУ нь тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа, соёлын солилцоо жил ирэх тутам өргөжиж стратегийн гол түншүүдийн нэг болоод байна.

 

Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд барилга, хот байгуулалтын салбарт “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, “Улаанбаатар хотын 7,14-р хороолол, МҮОНРТ-ийн орчмын орон сууц, дэд бүтцийн төсөл” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн.

 

Үүнээс гадна 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчяны анхаарлын нэг гол сэдэв нь гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт байсан юм. Тиймээс энэ ажлын хүрээнд “1000 айлын түр суурьшлын орон сууцны төсөл” хэрэгжиж эхлэхэд бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа юм байна.

                                                                                                                                                           Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)