“Ажлын байр амьдралын баталгаа” сэдэвт өдөрлөг болж байна
- 2017-06-15
- Үнэн
- 0

Автотээврийн үндэсний төв нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар “Улс хооронд, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, нийтийн тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах, Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрний үнэ өссөнтэй уялдан 2017 онд Монгол Улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд 24,2 сая.тн нүүрс экспортлохоор төлөвлөгдсөн аж.

Экспортын хэмжээ 2017 оны энэ сарын байдлаар 8,5 сая.тн тээвэрлэсэн нь өмнө оны мөн үеэс 63,0 хувь өсчээ. Цаашид тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Экспортын өсөлттэй уялдан улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгж байгууллага, тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа ч тээвэрлэлт гүйцэтгэх мэргэшсэн жолооч дутагдах хандлагатай.
Нийгэм, эдийн засгийнхөгжлийн гол тулгуур болсон экспортын тээвэрлэлтийн хөдөлгөөний эрчимийг нэмэгдүүлэх, Автотээврийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх мэргэшсэн жолоочийг бэлтгэх, чиглэлээр Автотээврийн үндэсний төвөөс шат дараалсан олон ажлыг хэрэгжүүлж ажиллах аж.
Мэргэшсэн жолооч бэлтгэх, сургах дадлагажуулах чиглэлээр “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан “Ажлын байр амьдралын баталгаа” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгөөр мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэхийг олгож байгаа бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй ажлын байрны мэдээллийг өгч ажил хайгч иргэдийн бүртгэл, зуучлалын үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлэн ажиллах ажээ.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)