“Майдар”-ын хандив 9 тэрбумыг хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгт зориулъя

 

        Маань мэгзмийн уншлагатай “Их майдар”, “Майдар эко” хот маргааш, нөгөөдөр, хэзээ  ч баригдахгүй нь тодорхой боллоо. Нэгэнтээ УИХ-ын дарга асан ноён З.Энхболд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шав тавьсан “Их майдар” төслийн нээлтэд оролцох үеэрээ “Дэлхийд, тэр дундаа Азид нэгт орох эко хотын алтан сертификат авчээ” хэмээн цээжээ дэлдэж, төслийн хамт олны цөсийг хөөргөж байв даа. Тэр ч байтугай төслийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбилэг 2014 онд “Одоогоор 9 сая ам.долларын ажил хийгээд байна. Урд хөршид 84 метр цутгамал бурханыг бүтээгээд наашаа ачуулчихсан байгаа” гэж ярьсан байх. Бүтэн гурван жил юугаар тээвэрлэж яваа болоод өдий болтол бараа нь харагддаггүй бүтээл вэ.  Төслийн шав тавьсан суурин дээр Майдар бурханы цутгамал хоёр хөл л байна лээ.

 

За даа, ер нь анхнаасаа энэ төсөл Оюутолгойтой дүйцэхүйц хэмжээний эерэг нөлөө үзүүлэх хэмжээний томоохон төсөл болж чадахгүй нь ойлгомжтой байсан. Төслийн багийнхан л ард иргэдийн тийнхүү мунхруулсан болохоос биш.  Учир мэдэх нэгэн нь Түвдийн санваартнуудын захиалга байсан ч гэлцдэг юм билээ. Ямартай ч “Их майдар” төслийнхний хэлснээр бол 2014 онд 84 метр Майдар бурхан заларч, 2015 онд суваргануудыг бүтээж, 2016 онд нээлтээ хийнэ  гэсэн байдаг. Гэтэл өнөөдөр Хятадаас ачуулсан “Майдар” бурхан сураггүй. Төслийг санаачлагч, өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд “бяр” үзэж буй Х.Баттулга эх орон, цэвэр цус ярьдгаараа бол эх орныхоо уран гартнуудаар бурханаа бүтээлгэж болох байлаа. Яагаад урд хөршийг сонгов.

 

Хэлж ярих нь хийж бүтээхийнхээ эсрэг байдгийг  энэ жишээнээс тольдож болохоор. За энэ яриаг түр орхиод “Майдар” яагаад мангуужин болсныг сонирхоё.

 

 

Нийт 17 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай уг төсөлд иргэд 9 тэрбум төгрөгийн хандив өргөснийг өмнөх нийтлэлдээ дурьдсан. Харин төслийн багийнхан үнэнд гүйцэгдэж, долоон жилийн өмнө хандив өгөөд бурханаа байршуулахаар хүлээж байсан хүмүүст мөнгийг нь буцаан олгохоор болсон тухайгаа манай нийтлэлийн дараагаас өчиж эхэллээ. Тэгэхээс ч яахав 500 мянга, 3, 5, 15 сая төгрөгөө өгсөн 18 мянган иргэн байгаа шүү дээ. Явуургүй болсон дээрх төслийг нэр дэвшигч Х.Баттулга харамсалтай нь одоо ч сүндэрлэж буй мэтээр Төв аймгийн иргэд сонгогчдод ярьсан нь уг төлсийг “эрэн сурвалжлахад” хүргэсэн юм. Түүнээс өмнө энэ сэдвийг хөндөхгүй долоон жил өнгөрчихөж.

 

Гэтэл өнөөдөр хийж байна гэж хэлээд, маргааш нь бүтээн байгуулалт зогссон “мөнгийг нь буцаан олгоно” гэж ярих нь түүний сонгуульд “нэмэх” оноо авчирч чадах уу. Ийм л туйлбаргүй, нэг суудал дээрээ хэд ч хувирч мэдэх хүн төрийн тэргүүнд санаархаж байна.

 

Нэгэнтээ одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг өнөөх бондын мөнгийг “мангаслачихсан” төмөр замын асуудлаар дуудаж уулзах үедээ “Чи ажил хийж чаддаггүй. Хийсэн ажил чинь хаана байна. Чи өөрөө ч ажил хийдэггүй, хүнээр ч ажил хийлгэдэггүй нөхөр” хэмээн хатуухан бангадаж байв. Магадгүй “Их майдар” бас нэг тиймэрхүү л юм болсондог уу даа. Дээрх төслийг ийн мөрдөж мөшгөөгүй бол хандивлагчийн  9 тэрбум төгрөг хэний халаасанд орох байсныг таашгүй. Одоо ямар байдлаар мөнгийг эргүүлэн тараах бол гэдэг нь бас нэг хүлээлт үүсгэнэ. Ямартай ч зургадугаар сарын 15-наас олгож эхлэнэ хэмээн мэдэгдсэн байна билээ.  Миний бодоход  нэгэнт хандивлагчид буян хийхээр хандивласан мөнгө учраас өвчин шаналалдаа баригдан эмнэлгийн хонгилд хэвтэж буй бяцхан үрсдээ зориулаад хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг барихад зориулбал “Майдар”-аас дутахгүй буян болох учиртай. “Би “Майдар”-т л зориулна гэж хүүхдээс харамлах сэтгэлтэн байхгүй л болов уу.

 

Б.Ням


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (43.242.243.31)

    2017-06-18

    Харин ч өөрийн хөрөнгө хандиваар эхлүүлж гэтэл Энхболд харин ганц модон жорлон босголл уу