Брижит Макрон: Хүүхдүүдээ золиосолсондоо өөрийгөө буруутгадаг
- 2017-08-22
- Дэлхий
- 0

Францын Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны гэргий Брижит Макрон “Элле” сэтгүүлийн ирэх сарын дугаарт нээлттэй ярилцлага өгч, нүүр хуудсыг нь чимжээ. Тэрбээр 24 насны зөрүүтэй Эммануэл Макронтой үүсгэсэн хайр сэтгэлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Түүний ковер бүхий дугаар өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан бөгөөд ярилцлагын гол хэсгээс хөрвүүлэн хүргэж байна.
-Та хоёрын харилцаа багш шавийн хэмжээнээс хальж эхэлснийг хэзээ мэдсэн бэ?
-Эдуардо де Филиппийн “L’Art de la comйdie” тоглолтын үеэр би түүнийг надад талтай болсныг анзаарсан. Баасан гарагийн үдэш байсан санагдана. Би Эммануэлийг эхэндээ ойлгоогүй. Надад галзуурсан мэт санагдаж байсан шүү.
-Та түүнийг эсэргүүцэхийг оролдсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Багш шавийн дунд ийм харилцаа үүсэх нь байж боломгүй үйлдэл гэдгийг би мэдэж байсан. Эммануэлийг Парист сурахыг зөвлөж, өөрөөсөө холдуулахыг оролдсон юм. Би түүний ирээдүйг бодож өөрөөсөө түлхэхийг хичээсэн. Хэрвээ би насны зөрүүнээс болж ирээдүйн нөхрөө түлхсэн бол аз жаргалтай амьдрал минь дэргэдүүр өнгөрөх байсан.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр та хоёрын насны зөрүүний талаар яриа гарахад юу бодогдож байв?
-Бидний хайр сэтгэл бусдын адил. Тэр үед гэр бүлийн минь талаар бичсэнийг уншихад өөр хосын тухай уншиж байгаа мэт санагдсан шүү. Ялангуяа сонгуулийн хоёрдугаар шат манай гэр бүлийн хувьд хүнд сорилт болсон. Харин одоо бидний насны зөрүүний талаар онцлохоо больсон. Би тэргүүн хатагтай биш зүгээр л Брижит Макрон байхыг хүсдэг.
-Та хоёрын дунд зөрчил үүсдэг үү?
-Бие биедээ хайртай учраас зөрчилддөггүй. Бид хоёр гэр бүлээ аварч үлдэхийн тулд бүхнийг тэвчсэн. Салалтын золиос хүүхэд байдаг. Би хүүхдүүдээ золиосолсон гэдгээ мэднэ. Хүүхдүүдээ элэг бүтэн амьдралд өсгөөгүйдээ би өөрийгөө буруутгаж, хааяа шийтгэдэг юм. Хүн амьдралд олон чухал сонголттой тулгардаг. Миний амьдралын хамгийн чухал сонголт Эммануэл.


Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)