Д.Трамп Афганистаны эсрэг шинэ стратегиэ танилцууллаа

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Афганистан дахь цэргийн бие бүрэлдэхүүнээ нэмэхээр болсноо өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр Кабулын зүг 4000 цэрэг илгээхээ зарласан нь дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм. Тухайлбал, CBS телевиз Вашингтоны Засаг захиргааны эх сурвалжийг иш татан “Д.Трамп АНУ-ын Афганистан, Өмнөд Азид баримтлах шинэ стратегиэ танилцууллаа. Өмнөд Ази нь Пакистаны эрх баригчдыг террористуудад орогнох газар олгохоос татгалзахад баттай хүргэнэ гэж Цагаан ордон үзэж байгаа юм. Цагаан ордон Пакистаныг терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалтад оруулах, исламын улсад үзүүлэх тусламжийн хэмжээгээ багасгах, тус улсыг НАТО-гоос гадуурх үндсэн холбоотнуудын жагсаалтаас хасах талаар авч хэлэлцжээ.

 

Гэхдээ дээрх төлөвлөгөө Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэх хүртэл өөрчлөгдөж магадгүй” хэмээн өнгөрсөн ням гарагт дамжуулжээ. Мөн өдөр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс “Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын Афганистан, Өмнөд Азийн талаар баримтлах шинэ стратегийг батлах тухай маргааш мэдэгдэнэ” гэсэн юм. Харин Цагаан ордны тэргүүн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг хотын захад байрлах АНУ-ын Ерөнхийлөгчдийн ордонд өнгөрсөн баасан гарагт хуралдуулжээ. Тус хуралдааны үндсэн сэдэв нь өмнөд Азийн бүс нутаг, тухайлбал Афганистан байв. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүнд олон хувилбар, түүний дотор Афганистанд байрлаж буй АНУ-ын 8400 цэргийн алба хаагчийг бүрэн гаргах, эсвэл бие бүрэлдэхүүнийг тэнд нь үлдээх, бага зэрэг нэмэгдүүлэх эсвэл хорогдуулах төлөвлөгөөг танилцуулжээ. Афганистан дахь исламын хэт даврагч “Талибан” бүлэглэлийнхэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт анхааруулга захидал илгээсний дараа болсноороо энэ удаагийн хуралдаан дэлхийн анхаарлын төвд байсан юм. Тус бүлэглэл Д.Трампт энэ сарын 15-нд ил захидал илгээсэн билээ.

 

Уг захидалд “Афганистан руу цэрэг нэмж илгээх нь АНУ- ын армийнхны тоог цөөрүүлэхээс өөр зүйлд хүргэхгүй” гэсэн байна. “Талибан” болон “Исламын улс” бүлэглэлийнхэн Афганистанд халдлага үйлдэх нь ихэсч, газар нутгийг нь булаан эзэлсээр байгаатай холбоотой Д.Трампын засаг захиргаа Афганистан руу цэрэг нэмж илгээх асуудлыг авч хэлэлцжээ. Одоогоор Афганистанд АНУ-ын 8400 орчим цэрэг байрлаж байгаа юм. “Д.Трамп өмнөх төрийн тэргүүн нарын алдааг мэдэж байгаа. Тиймээс Афганистаны талаар ямар бодлого баримтлахаа сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Хэрвээ Вашингтон цэргээ татвал Афганистаны байдал тогтвортой болно” гэж “Талибан” бүлэглэл мэдэгдсэн юм.

 

АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчний цэргүүд Афганистанд 2014 оноос байлдааны ажиллагаанд оролцохоо зогсоосон билээ. Харин АНУ-ын цэргүүд Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхнийг бэлтгэн сургаж, заавар зөвлөгөө өгч байгаа билээ. Сүүлийн үед Афганистаны аюулгүй байдал улам бүр дордож эхэлснийг шинжээчид онцлох болсон. “Ассошиейтед Пресс” агентлаг “АНУ Афганистан руу ойрын үед дөрвөн мянган цэргийн алба хаагчаа илгээхээр төлөвлөсөн” гэж өнгөрсөн сард мэдээлж байсан юм. Харин “The Wall Street Journal”-д Пентагон Кабул руу 3.9 мянган цэрэг илгээх боломжтой тухай мэдээлсэн байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)