Эх орондоо хайртай уран бүтээлчид Эвийн тоглолтод нэгдэнэ
- 2017-08-25
- Энтертайнмент
- 0

“Хурд” хамтлагийнхны санаачлагаар Монголын рок попын уран бүтээлчид “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолтыг ирэх сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсон билээ. Энэ талаар “Хурд” хамтлагийн гитарчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.ОТГОНБАЯРААС зарим зүйлийг тодрууллаа.
-”Хурд” хамтлагийнхан энэ удаагийн тоглолтын орлогыг ОБЕГ-т хандивлана гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Эх орон байгаль эх уйлахыг хараад бид зүгээр сууж чадахгүй. Тиймээс манай хамтлагийнхан “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолтыг санаачилсан. Энэ жилийн ой хээрийн түймэр том сургамж боллоо. Ийм хүнд нөхцөлд Онцгой байдлын газар нисдэг тэрэггүй байна гэдэг эмгэнэл. Зөвхөн ой хээрийн түймэр төдийгүй өөр олон осол гамшиг гардаг. Тиймээс манай хамтлагийнхан Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад өчүүхэн ч гэсэн туслах гэсэн юм. Эх орон, байгаль дэлхийнхээ төлөө сэтгэлээ чилээж, гал түймэртэй тэмцэхэд өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөхийг хүсч буй хүн бүр “Бид эх орондоо хайртай” тоглолтыг үзээсэй. Тасалбарын хувьд 10000- 15000 төгрөг. Монголын рок поп хамтлагийнхан та бүхэндээ нэгэн орой дуу хуураа зориулж, тоглолтоос олсон орлогыг 100 хувь ОБЕГ-т хандивлах юм.
-Тоглолтын тов хоёр удаа өөрчлөгдсөн. Яагаад хойшлуулсан юм бэ?
- Хандивын тоглолтыг энэ сарын 5, 26-нд зохион байгуулахаар товлосон ч Төв цэнгэлдэх хүрээлэнд арга хэмжээ давхцсан тул ирэх сарын 2-ныг хүртэл хойшлууллаа.
-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Монгол Улсын гавьяат жүжигчин, зууны манлай дуучин Б.Сарантуяа, гавьяат жүжигчин Т.Ариунаа, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн болон “Аадар”, Чоно”, “Харанга” зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Байгаль дэлхийгээ хайрлах уриалгыг рок попынхон халуун сэтгэлээрээ дэмжиж тоглолтод оролцохоо илэрхийлсэн. Гадаадад аялан тоглолтоор явж буй уран бүтээлчид холбогдож сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа хэлсэн. Үүнээс монголчууд нэгдэхээрээ ямар их хүчтэй, сайхан хүмүүс гэдгийг мэдэрлээ. Тоглолтын бэлтгэл ажил ч их сайхан бүтэж байна.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Саяхан “Ээж” нэртэй шинэ дууны клипээ сонсогчдодоо хүргэсэн. Этник буюу үндэсний агуулга оруулж хийсэн дуу юм. Бид гаднын олон оронд тоглолт хийдэг учраас цаг үеийн шаардлагаар этник өнгө аястай хийсэн. Монгол ая эгшиг, найруулга түлхүү оруулж бүтээх нь бусад орныхонд содон байх болов уу.
Б.Мөнх

Сэтгэгдэл (0)