Д.Дуламсүрэн: Үргэлжлэн орсон бороо, мөндрийн улмаас багагүй хохирол учирсан

 

        ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Д.ДУЛАМСҮРЭНТЭЙ ярилцлаа.

 

-Сүүлийн өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж, үерийн нөхцөл байдал үүсээд байна. Нийслэл, орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Улсын хэмжээнд өнгөрсөн долоодугаар сараас хойш 20 гаруй удаагийн бороо орсон. Энэ сарын дунд арав хоногоос ихэнх нутгаар дуу, цахилгаантай хүчтэй аадар бороо орлоо. Цаг уурын байгууллагаас авсан мэдээллээр өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн энэ сарын 26-ныг хүртэл ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, зарим томоохон гол, мөрөн үерлэж усны түвшин 20-70 см нэмэгдсэн учраас голын сав газарт зусч байгаа ард иргэд, малчид, тариланчдад үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас хотыг зорих оюутан сурагчдын хөдөлгөөн нэмэгдэж байна. Тиймээс гол ус нэмэгдэж байгаа энэ үед баталгаатай зам, гүүр, гармаар зорчихыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна. Ялангуяа зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж замд гарахыг анхааруулж байгаа. Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахгүй бол хүүхдүүд үер усны аюулд өртөх, амь насаа алдах тохиолдол гарч байна. Энэ сарын 17-ноос хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас хэд хэдэн аймагт багагүй хохирол учирсан. Тухайлбал, Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал суманд 200 гаруй мал мөндөрт цохиулсан бол Сэлэнгэ аймагт автозам сэтэрсэн. Мөн Өвөрхангай аймагт 10 гаруй айл орон гэргүй болж багагүй хохирол учраад байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан сумын онцгой комисс хуралдаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Дээрх хохирлыг орон нутгийн болон Засаг даргын нөөцөөс шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Харин Улсын онцгой комиссоос 13 айлд гэр олгохоор болсон.

 

-Дээрх аймгуудад болсон үер, хүчтэй салхины улмаас хүн гэмтэж, бэртсэн гэх мэдээлэл ирсэн үү?

 

-Аадар бороо, хүчтэй салхи шуурганы үеэр 13, 38 настай хоёр эмэгтэй бэртэж, гэмтсэн. Хүчтэй салхины улмаас байшин нь нурснаас модонд цохиулж толгойгоо хагалсан, нуруугаа гэмтээсэн байсан. Одоогоор биеийн байдал гайгүй байна.

 

-Ер нь он гарсаар хэчнээн хүн үер усны аюулд өртсөн бэ?

 

-Өнгөрсөн зургаадугаар сараас хойш Онцгой байдлын албанд ирсэн ихэнх дуудлага гол, усны ослынх байлаа. Гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор онцгой байдлын байгууллагаас завьт болон хөдөлгөөнт эргүүлийг цагдаагийн байгууллагатай хамтран гаргаад байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийслэлийн аврах анги, цагдаагийн газартай хамтран Хар усан тохойгоос Био комбинат хүртэлх Туул голын эрэг дагуу хоёр ээлжийн эргүүлийг зохион байгуулж ажиллаж байна. Энэхүү урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд гол, усанд өртөх эрсдэл энэ онд өмнөх жилтэй харьцуулахад 10 хувиар буурсан. Энэ жилийн хувьд 16 аймгийн 50 гаруй сум, нийслэлийн зарим дүүрэгт 70 удаагийн усны ослын золгүй тохиолдол гарч 93 хүн амь насаа алдсан. Осолдсон тохиолдлыг аваад үзэхэд загасчилж, зугаалж яваад өөрсдийн санамсар, болгоомжгүй байдлаас болж гол усны аюулд өртөж байна. Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол усны дагуу тоглуулж, өөрсдөө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орж сэрэмж алдах тохиолдол их байна. Жишээлбэл, иргэд сэрүүцэх зорилгоор голд орж, усанд сэлж байгаад, морьтой ус руу орж сэльфидэж байгаад арагшаа савж унасан зэрэг дуудлага зонхилж байна. Хамгийн ойрын тохиолдол гэвэл Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 25- нд бороо үер бууснаас 40 настай эмэгтэй, дөрвөн настай эрэгтэй, таван настай эмэгтэй гурван хүн амь насаа алдсан.

 

-Энэ сарын сүүлчээр цаг агаарын төлөв байдал ямар байх бол?

 

-Энэ сарын сүүлээр нэлээд сэрүүсч, хур тунадас, хүчтэй аадар бороо, мөндөр орох урьдчилсан төлөвтэй байна. Онцгой байдлын байгууллагаас цаг агаарын мэдээлэл дээр түшиглэн сэрэмжлүүлэг мэдээллийг орон нутагт хүргүүлдэг. Үүний дагуу бүх онцгой байдлыг алба орон нутагтаа урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна.

 

-Нийслэлд үерийн аман дээр буусан хэчнээн айл байгаа бол. Тэднийг нүүлгэн шилжүүлэх ажлын явц ямар байна вэ?

 

-Нийслэлийн хэмжээнд үерийн аманд буусан 2800 орчим айл, өрх үерийн эрсдэлтэй бүсэд байна гэсэн тоо бий. Онцгой байдал болон Газрын албанаас эдгээр айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх, албан шаардлагыг хүргүүлж байна. Гэвч албан шаардлага хүргүүлсэн ч дээрх айл өрхүүд нүүдэггүй нь хүндрэл учруулж байна. Өнөөдрийн байдлаар дүүргүүд үерийн суваг, шуудуу цэвэрлэх ажил хийж байна.

 

-Байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэллээ. Танай байгууллагын хувьд өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

 

-Өвалжилтийн бэлтгэл хангах үүднээс Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын дэд дарга нараар ахлуулсан хоёр ажлын хэсэг 21 аймагт ажиллаж байна. Нэг ажлын хэсэг нь Дундговь аймагт ажиллсан. Нөгөөх нь Завхан аймагт ажилласан. Ажлын хэсгийн зорилго нь аймаг, сумын гангын нөхцөл байдал болон орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар ажиллаж байгаа юм. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр Завхан аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь гантай байгаагаас өвөлжилт хүндрэх хандлагатай байна.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)