Дотор хүн маань миний өөрөө өөрийгөө таних цэг

        Парисын Дүрслэх урлагийн их сургуульд магистр хамгаалсан чөлөөт уран бүтээлч Д.ОДОНЧИМЭГТЭЙ ярилцлаа. Тэрбээр дэлхийн хэмжээний томоохон үзэсгэлэнд оролцож Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа залуу уран бүтээлчдийн нэг юм.

 

-Сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна. Уран бүтээлийн сонин хачнаасаа сонирхуулахгүй юу?

 

-“Моханик” хамтлагийн дуучин Ц.Даваажаргалтай хамтран “Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр” үзэсгэлэнгээ ирэх сарын 6-нд “976” арт галерейд дэлгэхээр бэлтгэж байна. Энэ зуны хувьд ихэнх цагаа Монголынхоо сайхан нутгаар гэр бүлийнхэнтэйгээ аялж өнгөрүүлж байна. Уран бүтээлийн хувьд Парист хэд хэдэн үзэсгэлэнд оролцох урилга хүлээн авсан. Мөн саяхан Ром хотноо болох үзэсгэлэнд тавих зургуудаа бэлтгэж дууслаа. Парист очихоор завгүй болчихдог учир одоо л сайхан амарч, их хотын чимээ, хөл хөдөлгөөнөөс хол байхыг хичээж байна.

 

-Хүүхэд байхын уран зурагт “хорхойтой” байв уу?

 

-Тийм. Таван хошуу мал зураад л суудаг хүүхэд байснаа сайн санадаг. Дунд сургуульдаа хувцас загвар сонирхдог байв. Өөрөө ч өндөр биетэй хүүхэд байсан учир тайзан дээр хэд хэдэн удаа алхаад үзсэн. Түүнчлэн хувцас зохиож оёод тэмцээн уралдаанд оролцож тухайн үедээ чамлахааргүй амжилтууд гаргаж байлаа. Энэ үеэс л юм хийж бүтээх, туурвих гэдэг ямар сайхан, хийсэн зүйлээсээ таашаал авах үнэхээр сайхан мэдрэмж гэдгийг ойлгосон.

 

 

-Францад хэдэн жил амьдарч байна вэ?

 

-Найман жил амьдрахдаа ихэнх хугацааг сурч боловсроход зарцуулсан. Франц орон надад олон зүйл үзэж харах, сурч мэдэх, юмсыг харьцуулан ойлгох боломж олгосон. Өөрөө зөв явбал нийгэм нь эрх тэгш болохоор амьдрахад их таатай байдаг. Уран бүтээлчдийн дунд их өрсөлдөөнтэй. Энэ мэтчилэн амьдрал “буцалдаг” болохоор уран бүтээлч хүний хувьд их олзуурхмаар орон юм.

 

-Яагаад Францад суралцахаар шийдсэн бэ?

 

-Тухайн үед дүрслэх урлагийн чиглэлээр суралцахаар хэд хэдэн улсыг судалж үзсэн. Франц улсад урлагийн түүх, соёл, музей, галерей, сонгодог урлаг нь давамгай хөгжсөн, ёстой л урлаг “буцалсан” газар шиг санагдсан. Би анхнаасаа л хаана урлаг “буцалж” байна т э н д суралцвал тухайн нийгэм соёлын ухамсрыг ойлгоход илүү тустай юм болов уу гэж бодож байсан. Тиймээс Францыг сонгосон.

 

-Туурвихуйн шалтгаан, зорилгыг уран бүтээлч, урлаг судлаачид янз бүрээр тайлбарласан байдаг. Таны хувьд ?

 

-Тийм шүү. Бүтээл туурвих, урлах үйл явцын талаар нэг нэр томьёо хэзээ ч өгч болохгүй. Хүн болгон өөрийнхөөрөө дүгнэх нь зөв. Олон янзаар тайлбарлаж болно. Түүхэн талаас нь яривал хадан дээрх сүг зургаас эхлээд урт удаан яриа хөвөрнө. Тухайн хүний ухамсар, соёл, бүтээн туурвих шалтгаан өөр шүү дээ. Миний хувьд дээр хэлсэнчлэн аливаа юмыг урлан бүтээхдээ өөрийгөө илүү таньж, юмсын мөн чанарыг ойлгож мэдэрдэг. Мөн илүү эрх чөлөөтэй, хараат бус байж чаддаг. Манайхан “Энэ хүн ийм л юманд зориулагдсан хүн” гэж ярьдаг шүү дээ. Би өөрийгөө ямар замаар явах ёстойгоо мэддэг. Хүмүүс бид чинь энэ хорвоо дээрх нэг өчүүхэн элемент шүү дээ. Бүгд өөрийн гэсэн өгөгдөлтэй. Тиймээс тэр өгөгдлөөрөө чаддаг зүйлээ хийгээд явж байсан дээр гэж боддог.

 

 

-Таны бодлоор урлагийн мөн чанар нь юун дээр тогтдог вэ?

 

-Урлагийн олон төрөл бий. Хамгийн эхний зүйл бол урлаг эрх тэгш, хүн болгонд хүртээмжтэй байх ёстой. Тийм ч учраас улс орнуудын галерей, музейг үзэж сонирхоход үнэгүй байдаг. Урлаг хэнийг ч ялгаварладаггүй. Хэний хүүхэд, ямар удам угсаатайгаас үл шалтгаалан хэн ч урлагийн бүтээл туурвиж болно. Гагцхүү тэр хүнд сэтгэл, мэдрэмж байх ёстой.

 

-Зарим хүн Монголд урлагийн бүхий л салбарт шүүмж дутагдаж буй тухай ярьдаг. Харин таны бүтээлийг судлаач шүүмжлэгчид хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

 

-Аль ч салбарт шүүмжлэгч хэрэгтэй. Урлагийг зөвхөн бизнесийн, эсвэл нэр хүндийн хэрэгсэл болгож болохгүй. Гэхдээ шүүмжилж байна гээд тухайн хувь хүний эрх чөлөөнд халдаж болохгүй. Зарим зүйлийг ажиглаж байхад манайхны шүүмжлэл хэтэрхий төсөөрч, доромжлол болсон харагддаг.

 

-Уран бүтээлч хүн ямар нэгэн урсгал чиглэлд баригдах нь зөв үү?

 

-Миний хувьд уран бүтээлч хүн аль болох олон төрлөөр хүчээ сорих нь сонирхолтой бөгөөд өгөөжтэй. Оюутан байхдаа аль болох олон зүйлийг туршиж, өөрийн гэсэн арга барилаа олсон. Гэхдээ нэг юмыг олон давтаад ирэхээр улиг болчихдог үе бас бий.

 

 

-Сүүлийн үед манай уран бүтээлчид инстоляц, поп болон видео арт, перформанс зэрэг төрөлд хүч үзэх болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг бол?

 

-Орчин үеийн урлаг хөгжөөд нэлээд хэдэн жил болсон. Урлагийн зарим нэг хэлбэр болох перформанс, инстоляц зэрэг урсгал нь 1970-аад оны үед Европ болон Америкт хүчтэй дэлгэрээд мөхсөн. Одоо дахин сэргэж байна гэж хэлж болно. Манай уран бүтээлчдийн хувьд харьцангуй сүүлд энэ төрлөөр хүч үзэж байна. Тэд олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадах чинээгээрээ урагшилж байна гэж хардаг. Урлагийн эдгээр төрөл олон нийтийг хамарч чадахгүй байгаа ч монголчуудын “танил” болно гэдэгт итгэдэг. Төрөөс уран бүтээлчдээ бодлогоор бага ч гэсэн дэмжвэл манайд чадварлаг уран бүтээлч олон бий.

 

-Зураач хүний ажлын онцлог юу вэ. Эерэг болон бэрхшээлтэй талууд нь юу бол?

 

-Гаднаас нь харахад уран бүтээлч байх нь сайхан бас амархан харагддаг байх. Гэвч асар их хөдөлмөр, урт удаан цаг хугацааны туршилт, бодол сэтгэхүй дундаас уран бүтээл төрдөг учраас хэн болгон хийхэд амаргүй зүйл гэж боддог. Гэхдээ бүтээсэн бүтээлээсээ, бүтээлийг минь үзэж буй хүнээс эрч хүч авдаг. Над руу чиглэн ирээд “Таны бүтээл их таалагдлаа” гэж хэлэхэд би асар их энерги, аз жаргал мэдэрдэг.

 

-Та нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү. Энэ нь уран бүтээлд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

 

-Би хэнтэй ч, ямар ч мэргэжил, байр суурь, удам угсаа, арьс өнгө, хүйс болон сексийн хандлага нь өөр хүмүүстэй ч адилхан нээлттэй харилцдаг. Тиймээс өөрийгөө нээлттэй хүн гэж боддог. Ер нь хэн нэгнийг ялгаварлах дүргүй. Би уулзаж танилцсан хүн бүрээс сайхан зүйл, сайхан мэдрэмж авахыг хүсдэг. Гэхдээ нээлттэй гэдэг үг маань хүссэн хүн болгон миний дотоод ертөнц рүү цахилгаан шатанд суусан юм шиг амархан хүрнэ гэсэн үг биш. Дотор хүн маань миний өөрөө өөрийгөө таних цэг. Тиймээс хэн дуртай нь хүрч чадахгүй. Уран бүтээлч хүн хүссэн хүсээгүй өөртэйгөө адилхан зүйл хийдэг гэдэг үг байдаг. Тиймээс миний уран бүтээлүүд яах аргагүй оюун бодлын минь тасархай учир миний зан чанар харагддаг байх.

 

 

- Та юунаас эрч хүч авч, өөрийгөө цэнэглэдэг вэ?

 

-Энгийн зүйлсээс... Сайхан нартай өдөр бүх зүйл тайван амгалан санагддаг шүү дээ. Ийм үеэр гоё дуу сонсоод дагаж дуулаад өөрийгөө цэнэглэдэг. Заримдаа нэг том хэмжээний бүтээлийн ард гарчихаад үр дүнг нь харахад сайхан байдаг. Ядарсан мөртлөө нэг л баяр хөөртэй эрч хүчтэй болчихдог. Хүн бүрийн аз жаргалын хэмжүүр өөр байдаг.

 

-Таны бусад уран бүтээлчдээс ялгарах гол онцлог юу вэ?

 

-Европт бол монгол уран бүтээлч гэдгээрээ ялгардаг. Энд тэнд үзэсгэлэнд оролцож байхад миний нэрийг “Их содон нэр байна. Та хаанаас ирсэн бэ” гэж дандаа асуудаг. Миний нэр хүртэл монгол орноо сурталчилж байна гэж бодох тэр үед сайхан байдаг.

 

-Та ямар өнгөнд дуртай вэ. Дуртай өнгөө бүтээлүүддээ хэр их ашигладаг бол?

 

-Би хар өнгөнд дуртай. Энэ өнгө эрч хүч, эрхэмсэг нууцлаг, гүн гүнзгийн илэрхийлэл гэж хардаг. Миний ихэнх бүтээл хар болон дан өнгөн дээр дүрсэлсэн байдаг. Надад олон янзын солонгорсон өнгө таалагддаггүй. Ялангуяа ягаан өнгөнд бүр ч дургүй.

 

Д.Мөнх-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)