Денис Мантуров: ОХУ гаднаас цэргийн тоног төхөөрөмж худалдаж авахгүй
- 2017-08-30
- Дэлхий
- 0

Батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл ОХУ-ын эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд энэ салбарт хоёр сая хүн ажилладаг ажээ. Оросын Батлан хамгаалах салбарын хөгжил, төрөлжсөн хөтөлбөр, зургаа дахь үеийн сөнөөгч онгоцны үйлдвэрлэлийн талаар тус улсын Үйлдвэр, худалдааны яамны сайд Денис Мантуровын ТАСС агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Денис Валентинович, та Москвагийн ойролцоох “Патриот” паркт болох үзэсгэлэнгийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?.
-Уралын RAE үйлдвэрийн танилцуулгад бүхий “Арми” үзэсгэлэнд орчин үеийн техник төхөөрөмжийг танилцуулж байна. Дэлхийн алдартай Дубайн IDEX олон улсын үзэсгэлэнтэй адил цэргийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулахаас гадна энэ талаарх илтгэл хэлэлцүүлж буйгаараа онцлогтой. Олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой байдаг. Тухайлбал, худалдаа, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлдэг. Мөн гадаад, дотоодын компаниудын харилцан үйлчлэлийг өргөжүүлэх боломж бүрдүүлдэг.
-МИГ болон “Сухой” компаниуд байлдааны нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт хэзээ нэгдмэл бүтэцтэй болох вэ?
-Эдгээр үйлдвэр улсын өмчит хувьцаат компанийн бүтэцтэй. ОХУ-ын нисэх онгоцны үйлдвэрлэлийг байлдааны, стратегийн, иргэний болон тээврийн гэж ангилдаг. “Сухой”, МИГ зэрэг нь цэргийн нисэх хүчний салбарт харьялагддаг юм. Компаниудыг нэгтгэх нь үргэлжилсэн үйл явц гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Өмнө нь бие даасан бүтэцтэй байсан аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн ч хувьд шилжүүлсэн. Удирдлагын бүтцийг бий болгохын тулд менежментийн үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай. Үүнээс гадна бүтээмж нэмэгдэж худалдан авалт ихэснэ. Бид чадавхийг бэхжүүлэх үр ашиг, тогтвортой байдлыг сайжруулахыг зорьж байна. Төлөвлөгөөний дагуу энэ өөрчлөлтийг 2019 онд дуусгана.
-Улсын батлан хамгаалахын зардлыг бууруулах тодорхой хандлага ажиглагдаж байна. ОХУ-ын арми, цэргийн тоног төхөөрөмжийн экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр байдаг уу?
-Батлан хамгаалах салбарын зардлыг танасан төсвийг хэрэгжүүлж эхлээгүй байна. Гэхдээ зардлаа танасан ч энэ салбарт ямар нэгэн сөрөг зүйл өдөөж болохгүй. Учир нь, батлан хамгаалах салбарын үйлдвэрт бараг хоёр сая хүн ажиллаж байна. Цэргийн үйлдвэрүүд нь экспортын томоохон чадавх бүхий өндөр технологоор иргэний болон хос хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд өөрсдийн нөөцийг ашиглах ёстой. Энэ салбарын үйлдвэрүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан бөгөөд шинэчлэлийг одоо ч хэрэгжүүлж байна. Мөн 2030 он гэхэд иргэний бүтээгдэхүүнийг 20 хувиар өсгөнө.
-Зарим нэг тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг худалдан авахын тулд Барууны орнуудтай хамтын ажиллагааг сэргээх үү. Ер нь энэ салбарт манай улсыг хоцорч байгаа гэж барууны шинжээчид онцолдог шүү дээ?
-Микроэлектроникийн салбарыг дэмжихийг Засгийн газрын хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болгосон ба Батлан хамгаалах яамнаас санхүүжүүлнэ. Барууны орнуудтай хамтын ажиллагаагаа хязгаарласан байгаа.
-НАТО-гийн орнуудад үйлдвэрлэсэн цэргийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдийг орлуулах хөтөлбөрийг боловсруулж дуусгасан уу?
-НАТО-гийн болон Европын холбооны үйлдвэрлэлийн хамаарлыг бууруулах арга хэмжээг 2025 он хүртэл үргэлжлүүлнэ. Энэ нь гаднын цэргийн бүрэлдэхүүн, электрон модулиуд болон бүтцийн материалуудтай холбоотой цуврал үйл ажиллагаанууд юм. Манай улс дотоодын цэргийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн. Дашрамд хэлэхэд, бид цэргийн гол салбарынхаа украин төхөөрөмжийг бүрэн сольсон. -Ирээдүйд Орос улс цэргийн тоног төхөөрөмж худалдаж авах уу эсвэл зөвхөн дотоодод үйлдвэрлэх үү? -Зэвсэг, цэргийн болон тусгай тоног төхөөрөмж худалдан авах нь эрх баригчдын гарт байна. Эдгээр асуудлыг төрийн зэвсэгт хүчний хөтөлбөр, жил бүрийн улсын батлан хамгаалах салбарын журмаар зохицуулдаг.
-Хэвлэл мэдээллээр “Курганец-25” төсөл бүтэлгүйтсэн талаар мэдээлэх болсон нь үнэн үү. Түүнчлэн “Армата” байлдааны хэрэгслийн туршилт ямар үе шатанд байна вэ?
-Бид “Армата” болон “Курганец-25” төсөл дээр ОХУ-ын Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж байна. Захиалагчийн хүсэлтээр нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна. Удахгүй дуусна. Төсөл хойшилж буй гол шалтгаан нь импортыг орлох эд ангийн үйлдвэрлэлтэй холбоотой.
-Орос улс сөнөөгч онгоцны зургаадугаар үеийг үйлдвэрлэх үү?
-Манайх тавдугаар үеийн сөнөөгч онгоц үйлдвэрлэж байна. Гэхдээ цэргийн нисэх онгоц манай тэргүүлэх салбар учраас тийрэлтэт хөдөлгүүрийн систем бүхий сөнөөгч онгоцны дараагийн үеийг бий болгохыг зорьж байгаа.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)