С.Отгонжаргал: Тарваганы махыг ямар ч нөхцөлд чанаж, болгож хэрэглэх нь эрсдэлгүй
- 2017-08-31
- Үнэн
- 0

Тарвагантахлын сэжигтэй тохиолдол илэрч, нийслэлд эмчлүүлж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ талаар болон тарваган тахал өвчний тухай нийслэлийн МХГ-ын улсын ахлах байцаагч С.ОТГОНЖАРГАЛААС тодруулсан юм.
-Халдварт өвчин судлалын төвд тарваган тахлын сэжиг бүхий иргэн ирж, эмчлүүлж байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгнө үү?
-Энэ сарын 29-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын харьяат 39 настай эмэгтэй хүргэгдэн ирж эмчлүүлж байна. Тарваган тахал өвчин мөн эсэхийг шинжилгээгээр баталгаажуулах учиртай. Одоогоор хариу нь гараагүй байна.
-Тухайн өвчний талаарх мэдлэг мэдээлэл иргэдэд хэр байдаг юм бол. Уг нь манайд устаад удаж байгаа өвчин гэж ойлгодог?
-Энэ нь нянгаар үүсгэгддэг, ил шархаар дамжинхүнд халдах магадлалтай зоонозын өвчин. Хүнд халдварлавал өндөр хэмээр халуурах, булчирхай цочих, гэдэс эвгүйрч гүйлгэх, суулгэх хэлбэрээр өвчин илэрдэг. Сүүлийн үед иргэд маань тарваганы хүн мах болон бусад хэсгийг эмчилгээний гэх зориулалтаар түүхийгээр нь хэрэглэж байгаа нь эрсдэл дагуулж байна. Тиймээс чанаж, болгож хэрэглэх ёстой гэдгийг анхааруулж байгаа юм.
-Одоо эмчлэгдэж байгаа өвчтөн мөн иймэрхү байдлаар халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна уу?
-Сэжиг бүхий өвчлөлтэй эмэгтэй энэ сарын 22-ны өдөр хоёр тарвага өвчиж байгаад хуруугаа зүссэн гэж хэлсэн. Түүний дараах өдрөөс бие нь эвгүйрхэж 25-ны өдөр Хан- Уул дүүрэгт айлд ирж, улмаар эмнэлэгт хандсан байгаа. Ер нь тарваган тахал өвчин халдварлах дөрвөн хэлбэр байдаг. Уушгины хэлбэр нь хүнээс хүнд халдах магадлалтай хүнд хэлбэр гэж ойлгож болно.
-Намрын эхэн сар гарчихлаа. Энэ үед ан авд хорхойтой, тарваганы маханд дуртай хүмүүс яалт ч үгүй сонирхдог л доо. Тэгэхээр яаж урьдчилан сэргийлэх вэ. Хаанаас ч агнасан, авчирсан тарваганы мах эрсдэлтэй юү?
-Манай улсын 17 аймгийн 137 суманд байгалийн голомттой гэж үздэг. Энэ нь тарваган тахал өвчин гарах суурь хөрстэй гэсэн үг. Тиймээс иргэд тарваганы ямар ч эд эрхтэнг түүхийгээр нь хэрэглэхээс татгалзаж, ямар ч нөхцөлд бүрэн болгож хэрэглэх шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)