Дэлхийн рекордыг шинэчилсэн ИХЭР ОХИД

 

 Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 20 тамирчин шүүгч, дасгалжуулч нарын хамт оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль хүртэж боломжит 90 медалийн 73-ийг хүртэж үнэмлэхүй амжилт гаргасан билээ. Манай тамирчдын хувьд тэмцээний гурван насны ангилалд дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор өсвөрийн дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж, 4000 гаруй тамирчидтай дэлхийн чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдэхээр болов. Харин түүний ихэр олон улсын их мастер Н.Энхшүр Азийн дэд аварга болсон юм. Тэд одоогоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод суралцаж байна. Тэдэнтэй цахимаар ярилцсанаа хүргэе.

 

-Юуны өмнө Хонконгд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн гурван рекордыг шинэчлэн тогтоож, Азийн аваргууд болсонд баяр хүргэе.

 

-Баярлалаа. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Н.Мөнхшүр маань “Багц хөзөр”, “Хоёртын тоолол”, “Зураг” гэсэн” гурван төрөлд дэлхийн рекордыг шинэчиллээ. 10 төрлийн нийлбэр дүнгээр Ази тивийн аварга болсон бол Н.Энхшүр маань нийлбэр дүнгээр II байранд орж, Ази тивийн дэд аварга болсон. Ой тогтоолтын азийн холбооны хамгийн өндөр цол болох Азийн их мастерийн VIII, IX зэрэг авлаа.

 

-Нэг жилийн хугацаанд та хоёр олон сайхан амжилт гаргалаа. Энэ хугацаанд шаргуу хөдөлмөрлөсөн байх? -

 

Тийм ээ. Бид хоёр оюуны спортоор хичээллээд нэг жил болж байна. Энэ хугацаанд улсын аварга шалгаруулах хоёр тэмцээн, олон улсын гурван тэмцээнд өндөр амжилт гаргалаа.

 

-Энэ спортоор хичээллэх болсон түүхээсээ хуваалцаач?

 

-Бид хоёр багаасаа юм цээжлэх дуртай байсан. Сургуульд байхад багш шүлэг цээжлүүлэхэд бид хоёр яагаад ч юм маш хурдан цээжилдэг байв. Телевизээр ой тогтоолтын тухай нэвтрүүлэг гарахад хоёулаа зэрэгцэж суугаад л үздэг. Оюун ухааны спортоор хичээллэх сонирхол их байсан ч цаг зав гардаггүй байлаа. Бид урлагийг олон төрлөөр хичээллэдэг байв. Харин арванхоёрдугаар ангиа төгсөөд зуны амралтаараа завтай болсон учир ярилцаж байгаад энэ спортоор хичээллэхээр шийдсэн. Энэ их зөв сонголт болсон. Ой тогтоолтын спортоор хичээллэхэд нөлөөлсөн хүн гэвэл Х.Хатанбаатар багш маань юм. Учир нь, түүний оролцсон нэвтрүүлгийг зурагтаар их үздэг байв. Түүний гаргасан амжилт, энэ спортын тухай ярьж байгаа зэрэг нь биднийг уг спорт руу хөтөлсөн гэж хэлж болно. Тэгээд Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар багшийнхаа насанд хүрэгчдэд зориулсан тав хоногийн сургалтад сууж цаашдаа тамирчин болохоор шийдсэн.

 

-Анх оюуны спортоор хичээллэхэд хэцүү байсан уу?

 

-Үгүй. Харин ч эсрэгээрээ. Хичээллэх тусам илүү их урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлтэй болж байсан. Тиймээс ердөө ч хэцүү байгаагүй . -Ой тогтоолтын спортоор хичээллэх хэдэн шат байдаг вэ? -Монголын оюун ухааны академийн ой тогтоолтын сургалт Super memory 1, 2, 3 гэсэн гурван үе шаттай. Бидний хувьд анх Х.Хатанбаатар багшийн ой тогтоолтод суралцах аргачлалын тав хоногийн лекцэнд, дараа нь Ө.Сэнгэсамдан багшийн насанд хүрэгчдэд зориулсан ес хоногийн сургалтад хамрагдсан. Түүний дараа шууд Улсын аваргад оролцож байсан. Ингээд 10 төрөлдөө шууд бэлтгээд явсан.

 

-Ой тогтоолт шалгах олон төрлөөс алинд нь илүү дуртай вэ?

 

-Ой тогтоолтын спорт нь харааны болон сонсголын гэсэн 10 төрөлтэй. Бидний хувьд бүх төрөлдөө дуртай. Мөн өсвөр насны ангилалд дэлхийн хоёр рекорд, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн гурван рекордыг эзэмшиж байна.

 

-Оюуны спортоор хичээллэснээр амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?

 

-Анхаарлаа маш сайн төвлөрүүлж чадахаас гадна тэсвэр тэвчээртэй болсон. Их сургуульд ороход хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна.

 

-Өөрсдийн амьдралдаа ой тогтоолтоор сурсан зүйлээ ашигладаг уу?

 

-Тиймээ. Ялангуяа, гадаад хэл сурах болон хэрэгцээт мэдээллээ тогтооход хэрэглэдэг. Тухайлбал, шинэ үг цээжлэх, утасны дугаар, банкны данс, хүний нэр, зүс зэргийг мартахгүй тогтоодог.

 

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

 

-2-3 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг .

 

-Та хоёрыг БНХАУ-д сурч буй гэж дуулсан. Хэдэн хэлээр ярьж чадах вэ?

 

-Бид хоёр энэ жилээс эхэлж оюутан болж байна. Одоохондоо англи, хятад хэлийг гүнзгийрүүлэн сурч байна.

 

 

-Та хоёр уран нугардаг бас бүжиглэдэг юм билээ. Бүх зүйлсийг хамтдаа хийж сурдаг уу?

 

-Тийм ээ. Бид хоёрын хүсэл зорилго нэг учраас бүхий л зүйлийг хамтдаа сурдаг. Бас үргэлж хамт байдаг. Багаасаа бүжгээр хичээллэсэн. Эмээ минь биднийг бүх талаар хөгжүүлэхийг хичээж урлагийн олон төрлөөр дугуйланд хамруулсан. Цэцэрлэгт байхаасаа латин америк бүжгээр хичээллэж эхэлсэн. Ингээд ардын бүжиг, уран нугаралт зэргээр дагнасан юм. Олон төрөл рүү орлоо гээд нөгөөхийг нь орхихгүй байхыг хичээсэн. Энэ нь бидний давуу тал. Бид бүжиг, уран нугаралт гээд төрөл бүрийн л тэмцээнд ордог байв. Тухайлбал, 800 гаруй хүн оролцдог Ардын язгуур урлагийн наадамд бид хоёр оролцож III байр эзэлж байлаа. Мөн Ихрүүдийн холбооны “Авьяаслаг ихэр мисс”-ээр шалгарсан. Нийслэлийн тэргүүний авьяаслаг сурагч болж байлаа. Иймэрхүү амжилт олон бий.

 

-Та хоёр хэдий нэг хүн шиг байдаг ч заримдаа өрсөлдөгч болно биз?

 

-Тэмцээний хувьд өрсөлдөгч ч гэсэн нэгнийгээ амжилт гаргаж ялаасай гэж хүсдэг. “Одоо өрсөлдөх цаг” гээд бидний тухай онигоо хүртэл гарсан байсан. Хоёр ихрийн давуу тал бол өрсөлдөж, нэгнээ хурцалж байх гэж бид боддог. Гэхдээ өрсөлдлөө гээд бид биеэ үзэн яддаггүй. Харин ч хурцалдаг.

 

-Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны хэсэгт тоглосон. Энэ талаар сонирхуулбал?

 

-Бид Монголын ихрүүдийн холбооны гишүүн. Дөнгөж төрөхөд л бүртгүүлсэн байх. Үйл ажиллагаа болгонд идэвхтэй оролцдог. Манай холбоонд бүртгэлтэй дөрвөн мянга гаруй ихэр бий. Монголын ихрүүдийн холбооны ерөнхийлөгч Ч.Үржинбадам эгч “Ихрүүдийн тухай кино хийж байгаа юм байна. Та хоёр оролцоорой” гэж хэлсний дагуу бид тус кинонд хэсэгхэн хугацаанд гардаг. Киноны багахан хэсэгт орсон ч ихэр хүмүүсийн тухай кинонд оролцсондоо баяртай байдаг. Энэ кино ихрүүдийн амьдралд тохиолддог сонирхолтой үйл явдлыг хөндөж чадсан гэж боддог. Өдөр тутам л ихрүүдийн амьдралд энэ кинон дээрх шиг зүйл тохиолддог.

 

-Орчин үед хүмүүс дэлгэцээр их мэдээлэл авч, нэг зүйлийг үзээд л өнгөрдөг болчихсон. Түүнээс ч юм уу эсвэл стрессээс шалтгаалж хүмүүс “Би мартамхай болж байна” гэж ярьдаг. Ой тогтоолтоо сайжруулахын тулд хэрэгжүүлж болох энгийн зөвлөгөө хэлж болох уу?

 

-Аливаа зүйлийг мартахгүйн тулд тухайн зүйлээ хошин эсвэл санаанд оромгүй зүйлтэй холбон, сэтгэл хөдлөлөө оролцуулан тогтоовол мартахгүй.

 

-Одоо ямар тэмцээнд бэлтгэж байна вэ?

 

- Ирэх арванхоёрдугаар сард Индонез улсын Жакарта хотод ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд бэлтгэж байна.

 

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцаж болох уу?

 

-Бидний өмнө олон зорилго бий. Юуны түрүүнд улс орондоо хэрэгтэй мэргэжил эзэмшихийн зэрэгцээ оюуны спортоор улам их амжилт гаргахын төлөө хичээн зүтгэнэ.

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)