Ц.Энхжин: ЗОРИЛГОДОО ТЭМҮҮЛЖ алхам алхмаар урагшилж байна
- 2017-09-05
- Энтертайнмент
- 2

Цэнхэр гарагийн гоо бүсгүйчүүдтэй нэгэн тайзнаа алхах Монголын үндэсний ялагчаар Ц.ЭНХЖИН тодорлоо. Гоо үзэсгэлэн, авьяас билэг, мэдлэг боловсролоороо бусад оролцогчоос онцгойрсон түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж эх орноо төлөөлөх эрхтэй болсонд тань баяр хүргэе. Энэ тэмцээнд оролцохын тулд эртнээс бэлтгэсэн гэсэн. Тэгэхээр хэдэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж Монгол Улсаа дэлхийд төлөөлөх эрхтэй болж байна вэ?
-Баярлалаа. Юуны түрүүнд “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Охид багаасаа л мисс эгч нар шиг болохыг хүсдэгийн адилаар би дэлхийн миссийн тэмцээнд оролцохыг мөрөөддөг байсан. Гэхдээ том болоод ч мөрөөдлөө орхиогүй. Харин ч мөрөөдөл минь зорилго болсон. Үүний үр дүнд өөрийгөө олон зүйлд сорьж, хөгжүүлсэн юм. Энэ нь намайг дэлхийн миссийн тэмцээнд оролцоход нэг алхам ойртуулсан байх.
-Мисс, жүжигчин А.Баярцэцэг өнгөрсөн удаагийн тэмцээнд маш амжилттай оролцсон нь танд урам авах нэг дуурайл болж байгаа болов уу. Ирэх арваннэгдүгээр сар гэж бодоход хол санагдавч олон ажил амжуулахад маш бага хугацаа. Тиймээс ямар төлөвлөгөө гарган оролцох бэлтгэлээ хангаж байна?
-Тийм ээ. А.Баярцэцэг мисс, загвар өмсөгчдийн талаарх нийгмийн сөрөг хандлагыг өөрчилсөн. Мисс гэхээр л ганган хээнцэр, сайхан байх ёстой гэсэн нийтлэг хандлага бий. Бас боловсролын хувьд маруухан гэж боддог хүмүүс ч байдаг. Энэ бүгдийг үгүйсгэж, эерэг талаас нь таниулсан гэж боддог. Магадгүй энэ нь намайг дэлхийн миссийн тэмцээнд оролцох нэг хүчин зүйл болсон байх. Тиймээс нарийн төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ эрчимтэй хангаж байна. Дэлхийн миссийн тэмцээнд оролцох бүсгүйчүүд ирэх аравдугаар сарын 15-ныг гэхэд Сингапурт байх ёстой. Сүүлийн шалгаруулалт арваннэгдүгээр сард болно. Таны хэлсэнчлэн надад тэмцээний бэлтгэлээ хангахад бага хугацаа байгаа учир хийх амжуулах зүйл олон байна.

-Өмнө нь эх орноо төлөөлөн оролцож байсан үндэсний ялагчдаас та юугаараа давуу байх бол. Хувийн бодлоосоо хуваалцахгүй юу?
-Мэргэжлийн онцлогоо давуу тал болгон шалгаруулалтад хичээнгүйлэн бэлтгэх бодолтой байна. Ялангуяа “Зорилтот гоо бүсгүй” шалгуурт оролцохдоо түлхүү анхаарна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхны анхаарлыг Монголын хөрсний бохирдолд хандуулж, санхүүжилт оруулж ирүүлэх сонирхолтой байгаа юм. Үүнээс гадна тэмцээний “Авьяас” шалгаруулалтад амжилттай оролцох зорилготой. Өмнөх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг уран бичлэгийн урлагийг илбийн үзүүлбэртэй хослуулснаар олны анхаарлыг татсан. Тиймээс энэ туршлагаас судлан шалгаруулалтад оролцох төлөвлөгөөтэй байна.
-Мэдээж нэг улсын нүүр царай болж байгаа оролцогч бүхий л талаараа өв тэгш байх ёстой. Тухайлбал, боловсрол, хэлний мэдлэгийн хувьд маш анхаарах ёстой санагддаг. Таныг олон улсад боловсрол эзэмшсэн гэсэн. Энэ талаар уншигчдад маань сонирхуулна уу?
-Кембрижийн урлагийн их сургуульд интерьер дизайны мэргэжлээр бакалаврын зэргээ нэгдүгээр зэрэгтэй дүүргэсэн. Мөн Флоренц хотын Урлагийн академид бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан.
-Ажиглахад миссийн тэмцээний нэг чухал шалгуур нь хүмүүнлэгийн ажил байдаг. Үүнд та хэрхэн бэлтгэж байна вэ?
-Хүмүүнлэгийн ажилд гол анхаарлаа хандуулан судалгаа хийсний дүнд хэрэгжүүлэх боломжтой ажил хийхээр зорьж байна. Тодруулбал, олон нийтэд эко 00- ын ач холбогдлыг тайлбарлан таниулж, төлөвлөсөн ажлаа ажил хэрэг болгохын тулд бүхий л зүйлийг хийнэ. Үүнд эзэмшсэн мэргэжил маань тус болно. Их хотын хүн амын талаас илүү хувь нь модон жорлонтой. Үүнээс шалтгаалан хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин их байгаа юм. Би энэ төслийнхөө судалгааг хийчихсэн. Одоо олон нийтийн анхаарлын төвд оруулж, хандивлагчдын анхаарлыг үүнд хандуулбал санхүүжилт татах боломжтой.

-Магадгүй өнөөдрөөс хэний урласан ямар даашинзыг дэлхийн миссийн тайзнаа өмсч сонирхуулахаа бодож байгаа байх. Энэ тал дээр хамтран ажилладаг загвар зохион бүтээгч бий юү. Ер нь тэмцээнийг зорихдоо ямар бүрэлдэхүүнтэй явах зорилготой байна вэ?
-Намайг үндэсний ялагчаар тодроход “Preciuos fashion house”-ын авьяаслаг урлаачид гоёлын даашинз хийлгэх эрхээр шагнасан. Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон монгол бүсгүйчүүдийн даашинзыг урласан дизайнеруудтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Тэмцээнд оролцогчийн чухал зүйлсийн нэг нь гоёмсог даашинз. Монгол үндэсний хэв шинжийг агуулсан сайхан даашинз миний бусад оролцогчоос ялгарах нэг онцлог байх болов уу. Тэмцээнийг зорих бүрэлдэхүүний хувьд хэдийгээр би ганцаараа явах боловч миний ард тэмцээнд амжилттай оролцоход тусалж дэмжих бүтэн баг ажиллана. Мөн монголчууд маань намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Уучлаарай, жил жилийн үндэсний ялагчийг тодруулсны дараа хэл ам гардаг. Шалгаруулалтын үеэр таны өөртөө итгэлтэй байдал зарим хүнд тийм хардлага төрүүлэхэд хүргэсэн. Энэ асуултад та хэрхэн хариулах вэ?
-Тэмцээнд оролцохоор шийдсэн үеэсээ л маш их догдолж байсан. “Түрүүлж чадах болов уу” гэж өөрөөсөө олон удаа асуусан. Үүний дараа сэтгэл санаагаа эерэг зүйлд төвлөрүүлж, “чадна” гэсэн итгэлээр шалгаруулалтдаа хичээнгүйлэн бэлтгэж оролцсоны үр дүн гарсан гэж бодож байна.

-Та үүсгэн байгуулсан компанидаа ажилладаг гэсэн. Эрхэлдэг ажил, хамт олон, гэр бүлийнхнээ танилцуулж болох уу?
-Сургуулиа төгсч ирээд “Eden design” компанийг үүсгэн байгуулсан. Манайх байгууллагын гадна дотно засал чимэглэл болон бүтээгдэхүүний загвар гаргадаг. Бид Монголынхоо авьяаслаг дизайнер болон гадаадын чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг, ажилдаа дуртай, бүтээлч мэргэжлийн хамт олон. Харин гэр бүлийнхний хувьд аав маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг. Ээж хувиараа бизнес эрхэлдэг. Харин ах маань тамирчин хүн бий.
-Таны аавыг уулын спортын олон улсын хэмжээний мастер Д.Цэрэндаш гэж сонссон. Ийм зоригтой, хүчтэй аавын охин аавынхаа адил уулын спортоор хичээллэдэг үү?
-Тийм ээ. Манай аав маш дайчин, аливаа зүйлд эерэг сэтгэлээр ханддаг. Эверестэд гурван удаа авирч, хоёр удаа оргил дээр нь гарсан. Сүүлийн авиралтаараа бараг боломжгүй зүйлийг хийж, сэтгэлийн тэнхээгээрээ давж гарсан. Тиймээс би ааваасаа маш их зүйл сурдаг. Би аавтайгаа адилхан байгальтай ойр байх дуртай. Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ Богд ууланд алхаж, иог бясалгал хийдэг.
-Ер нь та чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлэх сонирхолтой вэ?
-Зав гарсан үедээ ном унших, усан будгаар зурах дуртай.
-Дэлхийн миссийн тэмцээн таны нэг зорилго байх. Цаашдаа, ялангуяа хувь хүний хувьд хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулна уу?
-Би хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд алхам алхмаар урагшилж байна. Миний дараагийн зорилго бол өөрийн гэсэн үйлдвэртэй болж бүтээгдэхүүнээ экспортлох юм.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (2)
(202.21.106.129)
Mongol turhtei hun oldoogui yum baihdaa.Delhiid Mongolyn nuur tsarai boloh gej bgaa yum bol yadaj tsaraig ni bodoj baiggchee.Hujaagiin daguul uls bishdee
(202.21.106.129)
kkkkk