Хиллари Клинтон номын нээлтээ хийнэ
- 2017-09-05
- Дэлхий
- 0

АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон “Юу болсон бэ” дурдатгал номоо бичсэн байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн болон Билл Клинтон Моника Левинскийтэй холбогдсон үе зэрэг амьдралдаа тохиолдсон онцгой үйл явдлуудаа дурдатгалдаа багтаажээ. Хиллари Клинтоны ном худалдаанд гарахаас өмнө уншиж, танилцсан сэтгүүлч, шүүмжлэгчид “Тэрбээр улс хоорондын дипломат харилцаа, уулзалтын талаар дэлгэрэнгүй бичиж, өөрийн үзэл бодлыг тусгасан нь уншигчдад олон улсын харилцааны талаар бодит ойлголт өгөх болов уу. Мөн дэлхийн удирдагч, шинжээчидтэй ярилцсанаа иш татжээ” гэх зэргээр сэтгэгдлээ бичжээ. Хиллари Клинтоны ээлжит номыг “Нью-Йорк пост” хэвлэлийн компаниас эрхлэн гаргаж байгаа аж. Тус компанийн албан ёсны сайтад бичсэнээр, ном энэ сарын 12-нд худалдаанд гарах бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд оролцох тасалбар 2.3 ам.долларын үнэтэй юм байна. Хиллари Клинтон номын нээлтээ АНУ-аас гадна Канадын Ванкувер, Монреаль, Торонто зэрэг хотод хийхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, Хиллари 2015 онд бичсэн “Хэцүү сонголтууд” номоосоо таван сая ам.долларын ашиг олсон билээ.

Сэтгэгдэл (0)