Си Жиньпин В.Путин нар Шямэньд уулзлаа
- 2017-09-06
- Дэлхий
- 0

Хятад улсын дарга Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн ням гарагт уулзсан байна. Уулзалтын эхэнд Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчийг БРИКС-ийн удирдагчдын есдэх уулзалт болон хөгжиж буй орнуудын уулзалтад оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэнд баяртай буйгаа илэрхийлжээ. Тэрбээр хоёр орны нийтлэг ашиг сонирхлын талаар болон хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярьсан гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хоёр тал улс төрийн дээд хэмжээний итгэлцлээ бэхжүүлж, харилцан дэмжиж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстойг Хятадын тал цохон тэмдэглэлээ. Мөн хамтын ажиллагааны механизмын үүргийг гүйцэтгэж, эрчим хүч, сансар судлал, цөмийн цахилгаан зэрэг гол гол салбарын хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн юм. Си Жиньпин “Хоёр улсын армийн солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, олон талт үйл ажиллагааны тухай зөвшилцөн, хамтран ажиллана. Хятад улс ОХУ- ын талтай хамтран “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг Европ, Азийн эдийн засгийн холбоотой уялдуулан, дэд бүтцээр холбогдох зэрэг төслийг хэрэгжүүлж, хоёр орны хил залгасан бүсийг хамтран хөгжүүлэх ёстой. Одоогийн нөхцөлд БРИКС-ийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, олон улсын үйл хэрэгт илүү үүрэг гүйцэтгэх нь БРИКС-ийн орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын нийгэмлэг, ялангуяа шинээр хөгжсөн зах зээлийн орон, хөгжиж буй орны хүсэл зорилго юм. Хятад улс ОХУ зэрэг БРИКС-ийн орнуудтай хамтран Шямэнь дэх уулзалтыг бүрэн амжилтад хүргэж, уулзалтын үр дүнг цаашид хэрэгжүүлнэ. БРИКС-ийн хамтын ажиллагааг гүнзгий, бодитой болгон, БРИКС- ийн орнуудын хамтын ажиллагааны хоёр дахь “Алтан арван жил”-ийг нээхэд бэлэн байна” гэжээ.
Харин В.Путин “ОХУ, Хятадын харилцаа тогтвортой хөгжиж байна. Хоёр улсын гадаад харилцааг нягтруулж, ОХУ, БНХАУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимжүүлэх саналыг дэмжинэ. Түүнчлэн Хятад улстай хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, сансар судлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр хоёр орны соёл, боловсрол, спорт, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал орон нутаг хоорондын харилцаанд ахиц гарна. Таны санал болгож буй хоёр улсын армийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд ОХУ бэлэн байна. Хятад улс БРИКС-ийн удирдагчдын Шямэний уулзалт, шинээр хөгжсөн зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын яриа уулзалтыг амжилттай зохион байгуулахыг ОХУ дэмжинэ” хэмээлээ.
Си Жиньпин, В.Путин нар харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой бөгөөд үүний төлөө зөвшилцөн, хамтран ажиллаж, БНАСАУ дахин цөмийн туршилт хийсэн хамгийн сүүлийн үеийн байдлыг зүй зохистой шийдвэрлэх тухай санал нэгдсэн байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)