А.Цогцэцэг: Эмнэлгийг хараат бус санхүүтэй болгосноор үйлчилгээний чанар сайжирна

 

Эрүүл мэндийн сайд А.ЦОГЦЭЦЭГЭЭС зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг багасгах зорилт дэвшүүлсэн гэсэн. Энэ ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

 

-Иргэд Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу эх орондоо эмнэлгийн тусламж үйлчилгээг авах ёстой. Гэтэл Монголд эмчлэх боломжгүй 39 төрлийн өвчин бий. Үүнээс энэ жил долоог нь эх орондоо эмчилдэг болсон. Одоо 28 төрлийн өвчнийг Монголдоо эмчилдэг болох боломжийг бүрдүүлж эхэлсэн. Эдгээр өвчнийг эмчлэх эмч, мэргэжилтнүүд хаана, хэдий хугацаанд сургалтад хамрагдах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар бид ярилцаж байна. Эмч, унтуулгын эмч, сувилагч, инженер техникийн ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэй 28 багийн 98 хүнийг гадаадад сургалтад хамруулна.

 

-28 багт багтсан эмч, мэргэжилтэн аль улсад хэдий хугацаанд суралцах вэ?

 

-Олон оронд суралцана. Тухайлбал, АНУ, Герман, Англид, Хятад, Солонгос, Энэтхэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх талд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа улс оронд сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулна. Суралцах хугацаа нь харилцан адилгүй. Сувилагч, инженер техникийн ажилчид, унтуулгын эмч нар ажлын 14 хоног, эмч, мэргэжилтэн 45 хоногоос зургаан сарын хугацаатай явна.

 

-Тэд суралцаж ирээд шууд ажиллах боломжтой юу. Шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

-Санхүүжилтийг нь ирэх оны төсөвт суулгасан. Мөн инновацид түшиглэсэн тоног төхөөрөмжийг Экзим банк, Солонгосын экспорт, импортын банк болон Хятад улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэнэ. Иймд бид ирэх оны хагас жилээс иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болно. Ингэснээр Монголд эмчлэх боломжгүй 2-3 өвчин үлдэж байна. Энэ чиглэлд 2019 онд ажиллахаар төлөвлөсөн.

 

-Эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан өрийг дарсан гэсэн. Цаашид өр хуримтлуулахгүй байх боломж бий юү?

 

-Хэд хэдэн Засгийн газар дамжин Эрүүл мэндийн салбарт хуримтлуулсан 16 тэрбум төгрөгийн өрийг энэ онд барагдуулсан. Энэ бол бага мөнгө биш. Цаашид энэ онд өр авлагагүй ажиллах чиглэлд анхаарч байна. Ялангуяа төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын дарга нартай санал солилцож, хагас болон бүтэн жилийн санхүүгийн тайлантай нь танилцан, энэ чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Манай салбар өртөг өндөртэй. Тухайлбал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, эмч ажилтны хэрэглээ, ариутгалын зардал, эмийн хангамж хүртээмж зэрэгт өндөр өртөг гардаг. Нөгөө талаараа хүн өвдөх тусам салбарын зардал нэмэгддэг. Гэтэл бид тодорхой хэмжээнд баригдсан төсөвтэй ажилладаг. Ингэснээр төсөвтөө багтааж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх гэхээр хүртээмж бага, чанаргүй болчихдог. Тиймээс энэ чиглэлд ирэх онд бодит өөрчлөлт шинэчлэлт хийхээр Сангийн яамтай зөвшилцөж байна. Эхний ээлжийн суурийг тавьсан. Тодруулбал, Улсын гуравдугаар эмнэлэг болон Арьсны өвчин судлалын үндэсний төвийг бие даасан санхүүжилтийн тогтолцоотой болгох чиглэлд ажиллаж байна. Үүнийг амжилттай зохион байгуулбал бусад эмнэлгээ санхүүгийн хараат бус бие даасан байдал руу шилжүүлнэ. Ингэснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар илүү сайжирна.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.183.250)

    2017-09-06

    ene erguu har uhna bushuu zailaasai