Гадаадын хөрөнгө оруулалт 60 хувиар өссөн байна
- 2017-09-07
- Эдийн засаг
- 0

“Инвест Монголиа” чуулга уулзалт 11 дэх жилдээ болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн энэ уулзалтад олон улсын байгууллага, гадаад дотоодын 130 гаруй зочид төлөөлөгч, 1100 орчим хөрөнгө оруулагчид оролцов. Тэд Монгол Улсын эдийн засаг, банк, санхүү, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, хэтийн төлөв, хөгжлийн бодлого болон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг саад бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар үндсэн хэлэлцсэн юм. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулагчдын тоо болон хөрөнгө оруулалтын хэмжээ 60 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг зохион байгуулагчид дурдаж байлаа. Чуулганд оролцогсод зөвхөн уул уурхайн салбар бус эрчим хүч, дэд бүтэц, банк, санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, эдийн засгийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг чухалчилж байлаа. Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар зарим төлөөлөл онцолж байв.
“Сэхээнд” байгаа эдийг засгаа аврах, тогтвортой өсөлтийг бий болгохын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадах эсэх нь Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байна. Үүний тулд шинээр хөрөнгө оруулалт татах арга зам, боломж нөхцөлийг эрэлхийлэхээс гадна Монгол Улсад одоо байгаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсч, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах нь нэн чухал гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (0)