“Роснефть” шинэ онгоцны буудлыг шатахуунаар хангана

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгтэй Монгол Улсын Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг техникийн оновчтой шийдлээр ашиглалтад оруулж, шатахуунаар хангах тухай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зуржээ. Манай орны нөхцөлд тохируулж, олон улсын дэвшилтэт техник технологийг ашиглан, эдийн засгийн үр ашигтай, оновчтой шийдлээр “Роснефть” нийгэмлэг өөрийн хөрөнгөөр гидрант системийг өөрчлөн тохируулж, шатахуун хангамжийг тогтвортой байлгах, харилцан үр ашигтай, урт хугацаагаар хамтран ажиллана. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын “онгоц сумладаг” системийн онцлог нь өндөр ачааллын үед ашиглагдахаар барьж байгуулсан байна. Тиймээс өөрийн орны өнөөгийн нөхцөлд тохируулж техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Европын холбооны улсуудын гидрант системийн талаар мэргэшсэн тэргүүлэх зэргийн инженерүүдийг урьж, мэргэжлийн болон хөрөнгө оруулалтын туслалцаа авах санал тавьсан аж.

Е.ЖАНАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)