АНУ Пхеньяны эсрэг хоригоо аюулгүйн зөвлөлөөр дэмжүүлнэ

 

 Пхеньянд газрын тосны хориг тавих тогтоолын төслийг АНУ-ын тал боловсруулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Тогтоолд Умард Солонгосын нэхмэл бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаад зогсохгүй тус улсын ажиллах хүчийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхийг хориглоно гэсэн байна. НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хейли “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны дэмжлэгийг авах шаардлагатай” гэжээ. Ялангуяа Аюулгүйн зөвлөлийн тогтоол, шийдвэрт хориг тавих эрхтэй ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчдөөс дэмжлэг авахыг АНУ чухалчилж байна. Түүнчлэн АНУ энэ сарын 11-нд зохион байгуулах Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хатуу хориг тавих асуудлыг хэлэлцэхийг зорьж байгаагаа илэрхийллээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп “Манай улс БНАСАУ-д өрнөж буй үйл явдлыг дэвэргэхгүй. Цэргийн ажиллагаа явуулах нь бидний эхний сонголт биш. Бид байдлыг ажиглаж байж шийдвэр гаргана” гэв.

Пхеньянд газрын тосны хориг тавих талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “БНАСАУ руу чиглэх газрын тосны нийлүүлэлтийг зогсоовол тус улсын иргэдэд сөргөөр нөлөөлнө” хэмээн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн юм. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Пхеньяныг ганцаардуулах зорилгоор НҮБ-аас авах шинэ арга хэмжээг дэмжихийг ОХУ-ын Төрийн тэргүүнээс хүссэн ч Владимир Путин татгалзсан хариу өгчээ. Тэрбээр “Хориг арга хэмжээ авснаар Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй. Харин тус улстай яриа хэлэлцээ хийх хэрэгтэй” гэж онцолсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид БНАСАУ-ын цөмийн зэвсгийн статусыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэдий тийм боловч Солонгосын хойгийн асуудлыг зөвхөн хориг арга хэмжээ, шахалтаар шийдвэрлэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, талууд нөхцөл байдлыг илүү хурцатгах үйлдэл хийхээс зайлсхийх хэрэгтэй. Улс төрийн болон дипломат арга хэрэгсэл ашиглахгүй тохиолдолд одоогийн нөхцөл байдалд ахиц гаргана гэдэг маш хүндрэлтэй, бараг боломжгүй зүйл гэж миний бие үзэж байна” гэжээ. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хоёр Солонгосын хоорондын харилцааг сайжруулах ОХУ-ын Төрийн тэргүүний байр суурийг таатай хүлээн авч буйгаа илэрхийлээд, “Цаашид БНАСАУ-ын асуудлаар ОХУ-тай хамтран ажиллана” гэж мэдэгджээ.

Түүнчлэн Мун Жэ Ин “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНСУ- ын Засгийн газрын байр суурь, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг ойлгож дэмжин, БНСУ болон БНАСАУ-ын хоорондын харилцааг сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд таатай байна. Тиймээс бид цаашид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах болно. Ерөнхийлөгч Владимир Путин болон миний бие Солонгосын хойг, Алс Дорнодын бүс нутагт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан тохирсон. Үнэнийг хэлэхэд олон яриа хэлэлцээ явагдсан ч Умардын асуудалд маш бага ахиц гарлаа. Гэсэн ч бид хоёр улсын хоорондын харилцааг цаашид илүү өргөжүүлэхээр харилцан тохиролцсон” гэж онцолсон байна. Түүнчлэн Пхеньяны аюул заналхийллээс сэргийлэх зорилгоор Сөүл THAAD системийн бүрдэл хэсгийг суурилуулахаар болжээ.

НҮБ дахь АНУ- ын суурин төлөөлөгч Никки Хейли “Аюулгүйн зөвлөлийн уулзалтын үр дүнд гол асуудал Умард Солонгост байна гэдэгт санал нийлсэн бөгөөд Пхеньяны туршилтыг бүх гишүүн эсэргүүцсэн. НҮБ- ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг зургаан багц хориг арга хэмжээний төсөл боловсруулж байгаа бөгөөд Пхеньянд залхаан цээрлүүлэг болно. Пхеньян АНУ-ын эх газарт цохилт өгөх чадалтай цөмийн цэнэгтэй пуужинг урт хугацаанд туршиж байгаа. Манай улс Умард Солонгосын өгсөн ямар ч дайралт, довтолгоонд хариу өгөх чадалтай” гэж өнгөрсөн лхагва гарагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)