Холерын улмаас 500 гаруй хүн нас баржээ

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад холер буюу булчин задрах тахал дэгдсэний улмаас 500 гаруй хүн нас барав гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэнийг “VOA” уламжиллаа. Эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас болон бохир усаар дамждаг энэ тахал нь Конго улсад ойрхон давтамжтай дэгддэг аж. Тус улсын нийслэл Киншаса хот болон арван сууринг бүхэлд нь хамраад буй энэ удаагийн дэгдэлтэд ДЭМБ-ын албаны хүмүүс болон эрх баригчид ихээхэн сэтгэл түгшиж байгаа юм байна. Төвийн бүс нутгийн Касай мужийн 1.4 сая иргэн хүчирхийллийн улмаас орон гэрээсээ дайжсан үед энэ халдвар тархжээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Конго улсын 26 мужийн 20-д нь булчин задрах тахал тархсанаар 528 хүн амиа алдсан байна. Түүнчлэн байгууллагын мэдэгдэлд дурдсанаар “Эрүүл ахуйн болон аюулгүй байдлын нөхцөл улам доройтож буй Их Касай муж өвчний тархалтад нэрвэгдэх эрсдэл өндөр байна” гэжээ. Энэ он гарснаас хойш Конго улсад булчин задрах тахлын халдвар авсан байж болзошгүй 24 мянга гаруй тохиолдлыг бүртгэсэн аж. Долоодугаар сарын эцэс хүртэлх хугацаанд долоо хоногт дунджаар булчин задрах тахлын халдварын 1400 тохиолдлыг нэмж бүртгэдэг байжээ. Булчин задрах тахлын тархалтыг дарах хүчин чармайлтын хүрээнд ДЭМБ халдварт өвчин судлаачид болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн багаа Конго руу илгээсэн аж.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)