Умард Солонгосын тал Д.Трампын илтгэлийг үл ойшоов
- 2017-09-23
- Дэлхий
- 0
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын талаар хатуу байр сууриа илэрхийлсэн билээ. АНУ болон түүний холбоотнуудад аюул учруулбал Умард Солонгосыг “бүрэн устгах” болно хэмээн Д.Трамп НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ анхааруулсан юм. Барууны эх сурвалжууд “НҮБ-ын индэрээс таагүй, сөрөг байр суурь илэрхийлсэн ширүүн үг хэллээ. Ерөнхий ассамблейн чуулган дээр Д.Трамп болчимгүй илтгэл тавьж, гишүүн орны төлөөлөгчдийг үл хүндэтгэсэн” хэмээн Цагаан ордны тэргүүнийг шүүмжилж байна. Түүний илтгэлийн талаар Умард Солонгосын тал байр сууриа илэрхийлж тус улсын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо “АНУ-ын төрийн тэргүүний хэлсэн үгэнд манай улсын эрх баригчид ач холбогдол өгөхгүй байгаа. “Хээрийн нохой хуцдагаараа хуцаж, Жингийн цуваа явдгаараа явдаг” хэмээжээ. Ли Ён Хо Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Умард Солонгос нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан тогтоолыг зөрчин цөмийн болон пуужингийн туршилт хийсэн нь үнэн. Дональд Трамп нохойн хуцалтаараа биднийг айлган сүрдүүлнэ гэж бодож байгаа бол эндүүрч байна. Түүний үг манай нам, Засгийн газрын бодлогод саад болохгүй. АНУ-ын санаачилсан хууль бус хориг арга хэмжээ нь БНАСАУ-ын сонгосон зам зөв гэдгийг батлалаа. Бид Үндэстний эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно” гэж хариулсан байна. Мөн Цагаан ордны тэргүүн Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг “пуужинтай жаал” гэж хочилсон тухай сэтгүүлчийн асуултад Умард Солонгосын Гадаад хэргийн сайд “Ийм болчимгүй үг илтгэлдээ хавсаргаснаараа Д.Трамп өөрийгөө хэр хэмжээний Ерөнхийлөгч вэ гэдгийг дэлхий нийтэд харууллаа. Илтгэлийг нь боловсруулсан АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхийн өмнөөс ичиж байна” хэмээн хариулжээ. Ерөнхий ассамблейн чуулганы хуваарийн дагуу Ли Ён Хо өнөөдөр НҮБ-ын индрээс үг хэлэх юм. Түүний хэлэх үг олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд эх сурвалжийн онцлох сэдэв болно гэж ажиглагчид үзэж байна. Ли Ён Хо энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ “НҮБ-ын бодлого, Аюулгүйн зөвлөлийн шийдвэр Умард Солонгосын өөрийгөө хамгаалах эрхт халдаж, эдийн засагт ноцтой хохирол учруулж байна. Энэ шийдвэр нь манай улс болон ард түмнийг боомилох зорилготой өдөөн хатгасан үйл ажиллагаа” хэмээн шүүмжилсэн билээ. Тиймээс энэ удаагийн НҮБ- ын 72 дугаар чуулганы индрээс АНУ болон түүний холбоотон улс орнууд илүү хатуу хориг тавих замаар Ким Жон Унд шахалт үзүүлж, хэлэлцээрийн ширээний ард суулган, цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг зогсоох бодлогод хариулт өгнө гэж шинжээчид найдаж байна. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд НҮБ- ын Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн чуулганы индрээс үг хэлж байв. Түүний тавьсан илтгэл тодорхой хэдэн сэдвийн хүрээнд бэлтгэсэн байсан юм. Тухайн үед Умард Солонгосын Гадаад хэргийн сайд хиймэл дагуул хөөргөх ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдсэн. Мөн сансрын хиймэл дагуул хөөргөхөд саад учруулсан ямар ч улсын эсрэг хатуу зогсоно гэдгээ илэрхийлсэн аж. Олон улсын аюулгүй байдалд ямар нэг хэлбэрээр аюул занал учруулахааргүй, харилцаа холбооны зориулалт бүхий хиймэл дагуул хөөргөж байгаа гэдгийг онцолж, БНАСАУ АНУ-тай энхийн яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ ч илэрхийлж байлаа.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)