Хүүхдийн хооллолтын сургагч багш нарыг бэлдлээ

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр "Олон нийтэд түшиглэсэн нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг 9 сарын 18-наас 9 сарын 23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад хоол зүйч, сургалтын арга зүйч, хүүхдийн эрүүл мэндийн тусламж хариуцсан мэргэжилтэн, аймаг, дүүрнгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нийлсэн 20 гаруй хүмүүс хамрагдав.

Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний дөрөвдүгээр судалгааны дүнгээр Монгол улсын тав хүртэлх насны хүүхдийн дундах уураг илчлэг дутлын тархалт буурч, Мянганы зорилтын өлсгөлөнг бууруулах шалгуурыг хангасан боловч, бичил тэжээлийн дутлын тархалт буураагүй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгааг илтгэж байна.

Манай улсын бага насны хүүхдийн эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд, ялангуяа эхийн сүүгээр дагнан хооллолт, эхийн сүүгээр хооллох хугацаа буурч байгаа хэдий ч нэмэгдэл хооллолтын дадал төдийлөн сайжрахгүй байна. Тухайлбал, Үндэсний статистикийн газрын зохион байгуулсан "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2013", дүнгээр бага насны 47.1 хувь эхийн сүүгээр дагнан хооллодог, 71.1 хувь төрсний дараа 1 цагийн дотор ангир уургаа амласан, 82.5 хувь 1 нас хүртлээ, 52.9 хувь 2 нас хүртлээ эхийн сүүгээр хооллож байна.

Түүнчлэн хүүхдийн нэмэгдэл хоолны нэр төрөл цөөн, бантан, тараг, хүүхдийн будааны агшаамал, гэрийн хоолоор хязгаарлагдаж, нийт хүүхдийн 30.7 хувь насандаа тохирсон давтамжтай хооллодоггүй, 53 хувь хангалттай тооны нэр төрлийн хоол, хүнс идэж чадахгүй байгааг илрүүлжээ.

Иймд тус сургалтаар мэргэжилтнүүдийн хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, зөвлөгөө өгөх ур чадварыг дээшлүүлэх, улмаар бага насны хүүхдийн эцэг эх, асрамжлагчдын хүүхдээ хооллох дадлыг сайжруулах шаарлдагын улмаас орон нутгийн сургагч багш бэлтгэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)