Бодлогын хүүгээ өсгөх мэдэгдэл алт, зэсийн ханшид нөлөөлөв

 

Аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнд тооцдог зэсийн зах зээлд “ногоон гэрэл” ассанаар энэ сарын эхээр тонн тутамдаа 6903 ам.доллар хүртэл өсч, сүүлчийн гурван жилийн хамгийн дээд төвшинд хүрчээ. Хэдхэн жилийн өмнө нэг тонн нь 10 мянган ам.долларт шүргэж байсан зэсийн үнэ сүүлчийн хоёр жилд хамгийн бууралттай металлын тоонд багтсан юм. Тэгвэл өнгөрсөн оны сүүлч үед хийсэн зах зээлийн шинжээчдийн ирэх онд хүрэн металлын ханш сэргэх дохио илэрч байна гэх мэдэгдэл нь ийнхүү биеллээ олж, 16 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Гэвч энэ сарын 22- ны өдрийн хаалтын ханшаар Лондоны металлын бирж дээрх зэсийн үнэ 0.8 хувь буюу 6404 ам.долларт хүрч буурав. Энэ онд таваарын зах зээл дэх хамгийн өөдрөг төсөөлөлтэй байсан хүрэн металлын ханш ийнхүү унаж эхэлснийг шинжээчдийн зүгээс АНУ-ын Холбооны нөөцийн сангийн энэ сарын 20-нд хийсэн хоёр өдрийн уулзалтын үр дүнтэй холбон тайлбарлаж байгаа аж.

Тодруулбал, сангаас гаргасан энэ онд багтаж бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлж, ирэх жил гэхэд гурав дахин өсгөнө гэсэн мэдэгдлээс үүдэн таваарын зах зээл хөдөлгөөнд орлоо гэж үзэж байгаа юм. Уг мэдэгдлийн дараа ам.долларын ханш өсч, бусад валютын эсрэг чангарах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн доллар чангараад зогсохгүй түүхий эдийн үнэ ханшийг сулруулах урвуу хамаарал нь шууд үйлчилж байна гэж үзэж байгаа аж. Зах зээлийн шинжээч Жианклаудио Торлиззи хэлэхдээ “Алдагдлыг ихэнхдээ валютаар удирддаг. Наймдугаар сард өсөлттэй үзүүлэлттэй байсан бүх металлын ханш буурч буй үзэгдлийн гол буруутан нь ам.доллар” гэв. Түүнчлэн тэрбээр зэсийн ханш үргэлжлүүлэн өсөх хандлагатай гэж үзэж буйгаа уламжилжээ. Түүний хувьд “Үндсэн эрэлт өсөхгүй байна. Гэхдээ нийлүүлэлт багасч байгаа тул харьцангуй тогтвортой байна гэж үзлээ” хэмээжээ. Зарим тоо баримтад дурдсанаар, өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар дэлхийн зах зээл дэх зэсийн салбар 70 мянган тонны нийлүүлэлтийн алдагдалтай нүүр тулсан байна. Үүнээс гадна зэс үйлдвэрлэгч Азийн гурав дахь том улс Хятадын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байгаа тул өөдрөг төсөөлөлтэй байгаа гэнэ. Гэвч зарим шинжээчийн хувьд зэсийн үнэ өсөлтийн ралли “хэтэрсэн” буюу хангалттай өндөр төвшиндөө хүрч өссөн тул цаашдаа буурах хандлагатай гэж үзэж байна. “Focus Economics” байгууллагын хувьд ирэх саруудад зэсийн ханш 5780 ам.долларт хүрэх төлөвтэй гэж таамаглажээ. Мөн 4899 ам.долларт хүрч огцом унана гэж үзэх байгууллага ч байгаа юм.

Өнгөрсөн саруудын зэсийн үнийн өсөлтийг Хятадын эдийн засгийн байдал харьцангуй эерэг үзүүлэлттэй гарч, хоёрдугаар улиралд 6.9 хувиар өссөнтэй холбон тайлбарлаж байв. Мөн Чилийн “Эскондида”, Индонезийн “Грасбэрг” зэрэг томоохон уурхайн олборлолт багассантай шууд холбоотой гэж үзэж байжээ. Энэ оны эхэн үед шинжээчдийн зүгээс наймдугаар сар гэхэд нэг тонн зэсийн ханш 6200 ам.долларыг давж, жилийн сүүлч үе гэхэд 5800 орчим ам.долларт тогтох төлөвтэй хэмээн мэдээлж байсан юм.

 

НӨӨЦИЙН САНГИЙН МЭДЭГДЛЭЭС ҮҮДЭН АЛТНЫ ХАНШ БУУРЧЭЭ

Холбооны нөөцийн сангийн удирдлага энэ онд багтаж бодлогын хүүгээ өсгөнө гэж мэдэгдсэнээр алтны ханш сулрахад хүрсэн байна. Шар металлын ханш 0.4 хувиар буурч энэ сарын 22-ны хаалтын ханшаар унци тутамдаа 1298.85 ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын эцсээс хойшх хамгийн доод төвшинд хүрч буурсан нь энэ аж. Мөн өнгөрсөн сард хийсэн алт арилжих гэрээний тоо түүхэн дээд төвшин буюу 6.55 саяд хүрч, гэрээний үнэлгээг 900 тэрбум орчим ам.доллараар хэмжсэн байна. Хэдийгээр алтны ханшийн хөдөлгөөн буурах төлөвтэй байгаа ч хөрөнгө оруулагч болон шинжээчдийн зүгээс уг түр зуурын хэлбэлзэл 1290 ам.доллараас доошлохгүй бөгөөд цаашдаа өснө гэсэн хүлээлттэй байгаа аж.

 

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ 50 АМ.ДОЛЛАРЫГ ДАВЖЭЭ

Нью-Йоркийн биржид арилжаалж буй газрын тосны ханш долоодугаар сараас хойш анх удаа 50 ам.долларыг давж, фьючерс ханш 1.9 хувиар өсчээ. Шинжээчдийн зүгээс АНУ-ын шатахууны нөөц 2015 оны эцсээс хойшх доод төвшиндөө хүрч буурсан нь уг үзүүлэлтэд голлох нөлөөг үзүүлсэн гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн ОПЕК болон ОХУ-ын газрын тосны гарцаа танах хэлэлцээр үр дүнгээ өгч, ханш өсөхөд нөлөөлсөн гэж үзэв. Ийнхүү илүүдэл нийлүүлэлт буурснаар газрын тосны ханш гурван сарын дээд төвшиндөө хүрэхэд ойрхон байгаа юм. “Брент” маркийн газрын тосны ханш зургаадугаар сараас хойш 20 орчим хувиар өсчээ. Өнөөгийн байдлаар 56.9 ам.доллараар арилжаалж байна. Гэвч шинжээчид уг ханшаа удаан хадгалаж чадалгүй, уналт үзүүлж болзошгүй гэж үзжээ. Тодруулбал, улирлын нөлөөгөөр эрэлт буурч АНУ- ын занарын нийлүүлэлт өссөнөөр ОПЕК-ийн гарцаа танах бодлогыг үр дүнгүй болгох эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

 

ТӨМРИЙН ХҮДРИЙН ХАНШ СУЛАРЧ БОЛЗОШГҮЙ

Олон улсын зах зээл дэх төмрийн хүдрийн нийлүүлэлт их байгаагаас гадна эрэлт буурснаас үүдэн уг металлын ханш өнгөрсөн таван жилийн хамгийн доод төвшиндөө хүрч буурах төлөвтэй гэж шинжээчид таамаглаж байна. Мөн төмрийн хүдэр нь уналттай таваарын жагсаалтад дээгүүр бичигдэж болзошгүй гэж үзжээ. Ирэх саруудад Хятадын ган боловсруулалт буурах төлөвтэй байгаагийн дээр Австрали, Бразилын компаниуд хямд үнээр их хэмжээний төмрийн хүдэр нийлүүлэх болсон нь уг металлын ханш унах гол шалтгаан болно гэж тодорхойлов. Өнөөгийн байдлаар төмрийн хүдрийн ханш 69 ам.доллартай байгаа ч ойрын өдрүүдэд 65 ам.долларт хүрч буурах төлөвтэй байгаа аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)