Араб эмэгтэйчүүд стадионд орох эрхтэй болов
- 2017-09-27
- Дэлхий
- 0

Саудын Арабын Вант Улсын 87 жилийн ойн баярт зориулсан хөгжмийн наадмын нээлтийг эмэгтэйчүүд үзэхийг тус улсын захиргаа хүлээн зөвшөөрчээ. Улмаар Саудын Арабын эмэгтэйчүүд цэнгэлдэх хүрээлэнд орж үзсэн байна. Гэхдээ заншил ёсоор араб эмэгтэйчүүд ганц бие эрчүүдээс зай барьж, тусгай эгнээнд суужээ. Саудын Арабын “The King Fahd” цэнгэлдэх хүрээлэнд гол төлөв хөлбөмбөгийн тоглолт зохион явуулдаг бөгөөд дан эрчүүд үздэгээрээ онцлог байв. Саудын Араб нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамт олон нийтийн зарим газар явахыг хориглодог, ялангуяа эмэгтэйчүүд эрэгтэй хамгаалагч, бараа бологч дагуулж явах, эмэгтэйчүүд заавал үндэсний урт хормойтой хар хувцас өмсөхийг шаарддаг тулгар үзэлтэй орон юм. Харин Саудын Арабын Вант улсын үндэсний баяраар эмэгтэйчүүдэд цэнгэлдэхэд орж, эрчүүдийн адил тоглолт үзэх эрх олгосон нь түүхэн үйл явдал ажээ. Нөгөө талаар Саудын Арабын хунтайж Мухамед Бин Салман шашны суртлаас үндэсний онцлогийг сурталчлахыг илүүд үзэх болсонтой холбоотой гэнэ. Саудын Араб 2030 он гэхэд эдийн засгаа байгалийн баялгаас хараат бус, бие даасан болгохын зэрэгцээ уламжлал, шашны хүлээсийг ч сулруулах зорилго тавьжээ.

Сэтгэгдэл (0)