Си Жиньпин: Интерполын үйл ажиллагааг дэмжиж, цахим гэмт хэрэгтэй тэмцэнэ
- 2017-10-01
- Дэлхий
- 0

Интерполын энэ жилийн тайлангийн хурал Бээжин хотод энэ сарын 26-нд эхэлжээ. Интерпол нь НҮБ-ын дараа орох Засгийн газар хоорондын хоёр дахь том байгууллага бөгөөд дэлхийн цагдаагийн үйл хэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, террорист ажиллагаа, мансууруулах бодис наймаалах, хууль бусаар хил давуулан наймаалах зэрэг олон салбар дахь үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуралд 158 улс, бүс нутгийн хууль хэрэгжилтийн байгууллагын төлөөлөгч оролцсон байна. Хурлыг БНХАУ-ын дарга Си Жиньпин нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр дэлхий ертөнц тайван бус, терроризм, интернетийн гэмт хэрэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг дэлхийн чанартай аюулгүйн асуудал улам ноцтой болж, аюулгүйн салбарын заналхийлэл тасралтгүй нэмэгдэн, хүн төрөлхтөн хамтын сорилттой тулгарлаа. Үндэстэн дамнасан гэмт хэрэг, олон ургальч үзэл хүн төрөлхтний ирээдүйн хувь заяатай холбоотой. Энэ үед аюулгүй, тогтвортой байдлыг хадгалан хамгаалах ёстой.
Аюулгүй, тогтвортой байдал үгүй бол энх тайван, хөгжлийн тухай ярих бололцоогүй юм. Засгийн газрууд, хууль хэрэгжүүлэх байгууллага, олон улсын байгууллагууд хамтран олон улсын аюулгүй байдлыг хамгаалж, инноваци бүтээн, хуулийн засаглал, хамтаар ашиг хүртэх зорилго дор цагдаагийн салбарын үйл хэрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна” хэмээв.
Си Жиньпин олон улсын хууль хэрэгжилтийн талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна. Үүнд хамтран ажиллах, өөрчлөлт хийж инноваци бүтээх, хуулийн засаглалын үзэл баримтлал, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх гэсэн зорилго санаачлага багтжээ. Мөн “Дэлхийн засаглалын системд өөрчлөлт оруулан боловсронгуй болгож, нийгмийн засаглалыг системтэй, шинжлэх ухаанчаар, оюунлаг, хуулийн дагуу ахиулах хэрэгтэй. НҮБ-ын дүрэм, Интерполын дүрмийг баримтлан хамгаалж, үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх конвенци, авлигын эсрэг конвенцийг хянамгай хэрэгжүүлж, олон улсын дэг журам шударга зохистой, хүн төрөлхтний нийгэм эрх тэгш байхыг баталгаажуулах ёстой. Их гүрнүүд аюулгүй байдал, хөгжлийн талаар бусад улс орон, бүс нутагт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Дэлхийн улс орнуудтай хамт аюулгүй байдлыг баталгаажуулж туршлага солилцох, дэлхийн аюулгүй байдлын үйл хэрэгт оюун ухаан, хүч чадлаа зориулахад Хятад улс бэлэн байна. Манай Засгийн газар ирэх таван жилд Интерполын үйл ажилагааг дэмжиж, терроризм, цахим гэмт хэрэг, шинэ хэлбэрийн зохион байгуулалттай гэмт хэрэгт цохилт өгөхөд хамтран ажиллана” хэмээн Хятадын төрийн тэргүүн илтгэлдээ дурдлаа.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)