ОУВС-ийн хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлнэ
- 2017-10-03
- Эдийн засаг
- 0

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Хуулийн дагуу намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг уламжлалтай ч энэ жил амралтын өдөр таарсан тул ийнхүү өчигдөр нээсэн юм. Энэ удаагийн чуулган 67.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өмнөх чуулганы хуралдааныг бодвол товлосон цагтаа эхэлсэн чуулганы нээлтэд эмэгтэй гишүүдийн олонх нь үндэсний дээлээрээ гоёсон бол эрэгтэй гишүүдээс С.Жавхлан дээлтэй хүрэлцэн иржээ. Бусад гишүүний хувьд уламжлалаараа албан хувцастай ирсэн байв.
Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүний хувиар анх удаа оролцож, үг хэлсэн юм. Мөн нээлтэд Засгийн газрын үүрэг гүйцэтгэгч сайд нараас гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрч, инфляц найман хувьд тогтворжих төлөвтэй байгааг онцлов. Мөн ОУВС-тай хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхээ илэрхийлж, он гараад “Чингис”, “Дэм сам” бондын өрийг төлөхийг санууллаа. Түүнчлэн тэрбээр “Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай гарлаа. Цаашдаа энэхүү өсөлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Бодлогын зөвлөлөөс мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Эдгээр нь гадаад дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа эерэг үнэлэлт дүгнэлт юм. УИХ нь 2018 оны төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв мөнгөний бодлогоо тогтвортой хадгалан, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санжүүжилтийн хөтөлбөрийг тууштай дэмжих болно” гэлээ.
Дараа нь намрын чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр “Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна гэдгээ онцолсон. Мөн Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байгаа нь зүй боловч үндэсний онцлог, эрх ашгийг тусгасан заалт оруулж чадаж байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй. 2015 онд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан ч бодитой хэрэгжсэнгүй. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах ёстой ч ажил хэрэг болж чадахгүй байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд яам, тамгын газрууд онцгойлон анхаарах нь чухал. УИХ-аар 2018 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдалгүй, чамбай төсөв батлах шаардлага байна. Улмаар газрын доорх баялгийг Үндсэн хуульд нийцүүлэх замаар ард түмэнд өгөөжөө өгөх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө УИХ ажиллах учиртай” гэв.
Чуулганы нээлтийн дараа УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтын талаар хуралдав. Энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 17 хуулийн төслийг хэлэлцэхээр өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэлэлцэх асуудал нэмэгдээд байгаа юм. Тухайлбал, энэ намрын чуулганы хамгийн түрүүнд буюу энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. Үүний дараа хэлэлцэх гол асуудалд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Мөнгөний бодлогын үндсэн чиглэл багтаад буй. Ийнхүү чуулганаар хэлэлцэх асуудлын талаар зарим гишүүний байр суурийг хүргэе.
Х.Болорчулуун: ЗАСГИЙН ГАЗРАА БОГИНО ХУГАЦААНД
БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
-Хамгийн түрүүнд тулгамдсан асуудал бол Засгийн газраа түргэн хугацаанд байгуулах шаардлагатай. Энэ Засгийн газар өмнөхөөсөө илүү чадвартай, мэргэшсэн, ард түмний итгэл найдварыг хүлээж чадах нь хамгийн чухал. Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар “Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн сайд болох боломжтой болж байгаа. Гэхдээ энэ нь ажил, амьдрал дээр УИХ-ын гишүүн сайд хийхэд давхардах цаг, зав хүрэлцэхгүй байх. Ер нь ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл бол гишүүн гишүүнээ, сайд нь сайдаа хийж гүйцэтгэх байгууллага, хууль тогтоох байгууллага нь холилдохгүй байхыг хүсч байгаа. Гэхдээ энэ удаа Засгийн газрыг байгуулахдаа хэрхэн зохицуулахыг хараахан шийдээгүй байна.
Ц.Даваасүрэн: МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮРДҮҮЛЭЭСЭЙ
-Бидний нэн яаралтай шийдвэрлэх асуудал Засгийн газраа байгуулах. Учир нь, зуншлага тааруу байлаа. Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс энэ хямралтай цагт Засгийн газраа яаралтай ажилд нь оруулах ёстой. Ялангуяа иргэдийн хүсч байгаа мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлээсэй гэж бодож байна. Тэгж чадаад ирэх жилийнхээ төсвийг хугацаанд нь баталчихвал өвөлжилт болон цаг зуурын хүндрэлийг давах нөхцөл байдал 2018 онд бүрдэх ёстой. 2018 он бол чухал он. Учир нь, мөрийн хөтөлбөрийн гол ажлуудыг хийх ёстой үе. 2019 он гарахад дараа жилийн сонгуультай зууралдах болно. Тиймээс ажил хийх ёстой оныхоо төсвийг батлах асуудал энэ чуулганы нэг чухал ажил.
Б.Баттөмөр: МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨХ ЯАМ ХЭРЭГТЭЙ
-Чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал бол Засгийн газрыг байгуулах. Шинээр байгуулах Засгийн газарт Монголын хамгийн шилдэг, манлайлагчид, эх оронч хүмүүс ажиллаасай гэж хүсч байна. “Давхар дээл”-ний асуудлыг ярьж байгаа. Монголчуудын, чи бидний амьдрал дээшилж байвал дан, давхар байх нь хамаагүй. Хэн өнөөдөр Монголын төрийг авч явж чадах вэ гэдэг нь л чухал. Аливаа зүйл шинэчлэгдэж байх ёстой. Энэ утгаараа энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Хөгжлийн яам байгуулах ёстой. Монгол Улсын томоохон мега төслүүдийг ажиллуулдаг, улсын хөгжлийг төлөвлөдөг, удирддаг яам зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт, Монголд хамгийн олон ажилтантай салбар бол худалдааны салбар. Манайд өнөөдрийг хүртэл худалдааны бодлого, хууль алга. Тиймээс худалдааны бодлогыг зохицуулсан яам байх ёстой. Үйлдвэрийн яам гэх мэтийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлага байна. Дээрээс нь зөв бүтэц бүрэлдэхүүнтэй Засгийн газарт хамгийн шилдгүүд нь ажиллах ёстой.
М.ЭНХЦЭЦЭГ

Сэтгэгдэл (0)