“Улаанбаатар” кино наадмыг Д.Золбаярын бүтээлээр нээнэ
- 2017-10-03
- Энтертайнмент
- 0
Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Кино наадмын нээлтийн киногоор найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарч, албан ёсны нээлтээ “Corporate Hotel & convention center”-т хийхэд бэлэн болоод байна. Бусад төрөлд шалгарсан кино бүтээлүүд энэ сарын 12-нд “Монгол кино” хөтөлбөрийн үеэр “Тэнгис” кинотеатрт олны хүртээл болно. Энэ удаагийн наадмын хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг нээлттэй зарлаж, “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах наадмын нээлт, шагнал гардуулах ёслолын үеэр цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. Наадмын онцлох орноор АНУ- ыг сонгосон бөгөөд “Америкийн кино өдөрлөг”-ийг энэ сарын 11-нд Монгол Улсад суугаа Америкийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар болжээ. Америкийн кино өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “She Started it” баримтат киногоор нээж, тус киноны гол дүр Стэйси Феррейра Монголд айлчилж, олон нийттэй нээлттэй ярилцлага хийх аж.
Г.Юмсүрэн
Сэтгэгдэл (0)