А.Гутерреш: Ногоон эдийн засагт нэгдээгүй нь ирээдүйд саарал ертөнцөд амьдарна
- 2017-10-06
- Дэлхий
- 0

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Олон орон "Парисын гэрээ"- г хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлттэй идэвхтэйгээр тэмцэх ёстой хэмээн уриаллаа. "Парисын гэрээ" цаг уурын өөрчлөлттэй тэмцэх талаарх чухал алхам учраас улс орнууд үүргээ биелүүлэх хэрэгтэйг өнгөрсөн лхагва гарагт мэдэгдлээ. Цаг уурын өөрчлөлтийн улмаас гарч ирсэн аюулын талаар “Өнгөрсөн онуудад дэлхийн түүхэнд тохиогоогүй их дулаарал боллоо” гэж онцлоод “Манай гарагийн уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж байна” гэсэн эрдэмтдийн дүгнэлтүүд үнэн зөв байсныг онцолсон юм. Тэрбээр хэлэлцээрт нэгдэхийг Д.Трампын Засгийн газарт уриалаад "Энэ гэрээ нь АНУ-ын эдийн засаг болон аюулгүй байдалд урт хугацаанд үр өгөөжөө өгнө. АНУ уур амьсгалын тухай “Парисын гэрээ”-г байгуулахаас өмнө нүүрсхүчлийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд энгийн төвшинд аваачна гэж амлалт өгснөө мартаж болохгүй" гэж мэдэгдлээ. Агаарын температурыг хоёроос дээш хэмээр өсгөхгүй байхыг зорилгоо болгосон уг гэрээнд нэгдсэн хэвээр байх нь АНУ-ын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг А.Гутерриш тус улсын Засгийн газар болон Конгресст ойлгуулан итгүүлэхийг хичээж байгаа билээ. Дэлхийн бараг бүх орон “Парисын гэрээ”-нд гарын үсэг зурсан бөгөөд ихэнх нь соёрхон баталсан байна. Уг гэрээ нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулснаар дэлхийн дулаарлын нөлөөг багасгахад чиглэсэн юм. А.Гутерриш “Тогтвортой байдлын галт тэрэг аль хэдийнэ замдаа гарсан. Галт тэргэнд суух эсвэл суухгүй үлдэх гэсэн хоёрхон зам бий. Ногоон эдийн засагт нэгдэж чадаагүй нь ирээдүйд саарал ертөнцөд амьдарна гэсэн үг. Бид одоо ярих биш бодитоор хийх шаардлагатай байна. Дэлхийн дундаж температур жилээр бус сараар нэмэгдэж эхэллээ. Хойд мөсөн далай хурдтай хайлж байна. Ган ганчиг, хар шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдэл урьд хожид байгаагүйгээр тохиолдож, хүний амь нас, эд хөрөнгө, эдийн засагт ноцтой хохирол учруулах боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх арга хэмжээний хурд, цар хүрээг ихэсгэж, орон нутаг, олон улс аль алиныг орхигдуулалгүй анхаарлаа хандуулах шаардлагатай. Үгүй бол бидний амьдарч буй дэлхий ертөнцөд аюулын харанга дэлдэх болно” гэв. Тэрбээр эрчим хүчний бусад эх үүсвэрийг нэвтрүүлж байгаа Хятад улсын шийдвэрийг сайшаагаад "тус улс эдийн засгаа ногоон болгохын тулд маш том алхмыг хийсэн" гэж дүгнэсэн байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын хамтын нийгэмлэгүүдэд хандан хар салхинд удаа дараа өртсөн Карибын орнуудад туслахыг уриаллаа. Антонио Гутерреш, Антигуа болон Барбуда, Доминиканд өнөөдөр айлчилж, гамшигт өртсөн улс орны нөхцөл байдалтай танилцах юм байна. Тэрбээр айлчлалынхаа өмнө сурвалжлагчтай уулзаж “Олон улсын хамтын нийгэмлэгээс гамшигт өртсөн Карибын орнуудад 113 сая 900 мянган ам.долларын яаралтай тусламж олгохыг НҮБ- аас хүссэн боловч хариу аваагүй” хэмээжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (0)