Б.Чойжилсүрэн: Валютын нөөцөөс бондын өрийг төлбөл ханшаа барьж чадахгүй болох эрсдэлтэй
- 2017-10-06
- Эдийн засаг
- 0

УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний хуралдаанаар буюу шинэ Ерөнхий сайд томилохын өмнө Засгийн газраас өргөн барьсан 2018 оны төсвийг буцаан татсан. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.ЧОЙЖИЛСҮРЭН сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ирэх оны төсвийг ямар шалтгаанаар буцааж татсан юм бэ?
-Төсвөөр дамжуулж бодлого хэрэгжүүлдэг. Тиймээс дараагийн Засгийн газар гарч ирээд бодлогоо өөрсдөө тодорхойлно. Төсвийн тухай болон холбогдох хуулийн дагуу энэ сарын 1-нд дараа оны төсвийг УИХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу 2018 оны төсвийг есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Гэхдээ үүнийг эргүүлж татсан. Яагаад гэвэл, шинэ Засгийн газарт бодлогоо хэрэгжүүлэх, төсөвт хөрөнгө суулгах боломж бололцоо олгож байгаа юм.
-Хуулийн дагуу ирэх арваннэгдүгээр сарын 15-нд 2018 оны төсвийг батлах ёстой. Гэтэл шинэ Засгийн газар сайд нараа томилж амжаагүй байна. Хугацаанд нь багтааж төсвийг баталж амжих уу?
-Цаг хугацааны хувьд хүндрэлтэй асуудал байна. 2018 оны төсвийг хугацаанд нь буюу арваннэгдүгээр сарын 15-нд баталсан байх ёстой.
-Он гараад бондын үндсэн төлбөр төлж эхэлнэ. Энэ өрийг хэрхэн төлөх вэ?
-Өр барагдуулах талаар хэд хэдэн хувилбар төлөвлөсөн. Гэхдээ нууцын зэрэглэлтэй учраас энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Монгол Улсын өрийн хэмжээний талаар зөрүүтэй мэдээлэл гарч байна. Монгол Улс болон Засгийн газрын өрийн хэмжээ хэд орчим байгаа вэ?
-Монгол Улсын гадаад өр 24 тэрбум орчим ам.доллар давж байна. Засгийн газрынх өнөөгийн үнэ цэнээр 23.8 орчим их наяд төгрөг болж байна.
-Шинэ Ерөнхий сайд өрийг бондоор төлөхгүй гэсэн. Өөр гарц бий юү?
-Шинэ Ерөнхий сайд юу бодож ярьсныг мэдэхгүй байна. Миний хувьд хэд хэдэн хувилбар бий. Бондыг бондоор төлөх нь боломжит нэг хувилбар мөн. Сүүлийн хоёр улирлын туршид Монголбанкны валютын нөөцийг 350-400 сая орчим ам.доллараар нэмэгдүүлсэн. Гэхдээ бид валютын нөөцөөс бондын өрийг төлбөл буцаагаад ханшаа барьж чадахгүй байх нөхцөл үүсэх учраас хэд хэдэн хувилбар гаргасан.
-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаар зөрүүтэй байр суурь гарч байна Та ямар бодолтой байгаа вэ?
-Шинэ Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-БНХАУ-ын “Эксим” банкнаас олгосон 500 сая ам.долларыг буцаах эрсдэл үүссэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ташаа мэдээлэл байна. Хэлэлцээр үргэлжилж, төсвүүдээ хуваарилсан учраас бүх мөнгийг ашиглах боломжтой.
-Төсвийн алдагдал хэт их байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд хэлж байна?
-УИХ-ын гишүүд ч гэлтгүй олон нийт төсвийн алдагдал их байна гэж шүүмжилдэг. Төсвийн алдагдлыг багасгаж болно. Ингэхийн тулд төсвийнхөө зардлыг огцом бууруулах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчийн цалинг нэмэх биш бууруулах нөхцөл байдал үүснэ.
-Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө олгох төсвийн төсөөлөл бий юү?
-Буцаан татсан 2018 оны төсвийн төслөөр тэтгэврийн хэмжээг 136.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Харин ОУВС-тай тохирсноор 2017, 2018 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх боломжгүй.
-2018 онд эдийн засаг ямар байх бол гэсэн хүлээлт их байна. Улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалт болон бусад зүйлд сөргөөр нөлөөлж, эхнээсээ зогсонги байдалд орлоо гэсэн шүүмжлэл бий. Цаашид эдийн засаг одоогийнхоос сайжрах болов уу?
-Засгийн газрын үйл ажиллагаанаас л хамаарах байх. Шинэ Засгийн газар хоёр, гурав дахь хөрштэйгээ хэрхэн ойлголцож, хамтарч ажиллахаас л эдийн засгийн нөхцөл байдал шалтгаална. 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд цаг алдахгүй ажиллах ёстой.
-Шинэ Ерөнхий сайд томилох чуулганы хуралдаанд та болон танай намын хэсэг гишүүн оролцоогүй. МАН доторх үл ойлголцол хэзээ цэгцрэх бол?
-Ойрын үед цэгцрэх байлгүй дээ. Зарчмын хэдэн асуудал байгааг нэр бүхий УИХ-ын гишүүд тайлбарласан байх. Шинэ Ерөнхий сайд ямар зарчмаар ажиллахаа МАН-ын бүлэгт тайлбарлаагүй, АН-ын бүлэгт хэлсэн байсан. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, зураагүй гэсэн үл ойлголцол намд үүссэн. Гэхдээ миний хувьд МАН-ын гишүүд дотроо сүртэй хагаралдсан зүйл байхгүй гэж харж байгаа.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (0)