Төсөв, мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө
- 2017-10-09
- Эдийн засаг
- 2

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хуульд заасан хугацааны дагуу аравдугаар сараас өмнө Монголбанк УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй. Үүний дагуу өнгөрсөн сарын 29-нд тухайн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсөв болон мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж байж эдийн засагт тогтвортой өсөлт хангагдах ёстой. Энэхүү хоёр бодлогоос төсвийнхийг Засгийн газар, мөнгөнийхийг Монголбанк хэрэгжүүлдэг. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт энэ онд хүнд сорилт тулгарч, түүнийг амжилттай даван туулж байна. Хугацаа нь тулсан гадаад өр төлбөрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, макро эдийн засгийг тогтворжуулж, цаашид өсөх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон асуудал тулгарч, үүнийг дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэх санхүүгийн чадавхи хангалтгүй байсан. Иймд Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг сэргээх, донор орноос санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавихын тулд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Ингэснээр төсөв, мөнгөний болон гурван жилийн бодлогыг цогцоор нь тодорхойлж, хэрэгжүүлж байгаа.
Макро бодлогыг эдийн засгийг тогтворжуулахад чиглүүлснээс гадна экспортын орлого өндөр цаг үе тохиож буй нь эдгээр бодлогын үр дүнд дэмжлэг үзүүлж байгааг холбогдох албаныхан хэлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, инфляц Төв банкны зорилтоос доогуур төвшинд байгаа төдийгүй төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал буурч, хөрөнгө ба санхүүгийн дансанд цаашид эерэг өөрчлөлт гарахаар байгааг тодотгосон. Эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтийг бэхжүүлэх, банк, санхүүгийн системийн санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах шаардлага хэвээр байгааг харгалзан Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлогыг эдийн засгийн идэвхжилийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чанарыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглүүлжээ. Ингэхдээ үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой бөгөөд төсөв мөнгөний бодлого харилцан уялдаатай, тогтвортой байх, эдийн засгийн бодлогын тодорхой бус байдлыг арилгах хэрэгтэйг тус баримт бичигт онцгойлон авч үзсэн байна. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн баримт бичгийн төсөлд тусгасан зарим ажлыг онцлон хүргэж байна.
ИНФЛЯЦИЙГ НАЙМАН ХУВЬД ТОГТВОРЖУУЛНА
Монголбанкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдлыг хангах буюу инфляцид чиглэдэг. Монголбанкнаас 2018 онд инфляцийг найман хувьд тогтворжуулах зорилт тавьснаа Мөнгөний бодлогын чиглэлдээ тусгажээ. Ингэхдээ нийлүүлэлтийн шинж чанартай инфляцид мөнгөний бодлогоор шууд хариу үйлдэл үзүүлэхгүй бөгөөд харин хоёр дахь үеийн болон дам нөлөө нь өндөр үед мөнгөний бодлогын хэрэгслээр дамжуулан арга хэмжээ авна гэсэн байна. Харин төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох нөхцөлийг бүрдүүлэх аж. Ингэхдээ банк хоорондын валют арилжааны цахим талбар (Bmatch)-т оролцогчдын тоог нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, улмаар банк хоорондын валютын захыг идэвхжүүлж, ханш зах зээлийн зарчимд нийцтэй, бодитой тогтох нөхцөлийг бүрдүүлж ажиллах юм байна.
БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Санхүүгийн салбарын тогтвортой байдал нь улс орны хувьд амин чухал асуудал байдаг. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарын гол оролцогчид болох арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж эхэлсэн. Энэ нь банкны салбарын эрсдэл даах, үүргээ гүйцэтгэх чадварыг сайжруулах алхам болж байна. Мөн 2018 оны Мөнгөний бодлогын чиглэлд үүнээс гадна санхүүгийн салбарын чадавхийг сайжруулах хэд хэдэн ажил хийхээр тусгажээ. Тухайлбал, санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, төлбөрийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтыг бий болгох, мөнгө, санхүү, гадаад секторын статистик мэдээллийг олон улсын мэдээлэл тархаах тусгай стандартын дагуу нийтэд мэдээлж эхлэх аж.
ИЛ ТОД, ИРЭЭДҮЙД ЧИГЛЭСЭН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгохоор зорьжээ. Төв банк хараат бус байх тусам инфляцийг зорилтот төвшинд барьж чаддаг бөгөөд хараат бусаар ажиллах суурь нөхцөлийг нь ил тод байдал бүрдүүлдэг байна. Монгол Улсын Төв банк Мөнгөний бодлогын зорилтдоо анх удаа энэ чиглэлийг тусгажээ. Мөн Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна. Энэ нь иргэд хуримтлалтай болох, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх, санхүүгийн гэмт хэрэг үйлдэхийг завдагчдын орон зайг үгүй болгох, ирээдүйд улс орны эдийн засаг, санхүүгийн систем хөгжихөд чухал нөлөөтэй аж.
ХЭД ХЭДЭН ХУУЛИЙГ САЙЖРУУЛЖ, ШИНЭЭР БАТАЛНА
2018 оны Мөнгөний бодлогын чиглэлд тусгаснаар хэд хэдэн хуулийг шинэчлэн сайжруулах юм байна. Төв банк (Монголбанк) болон Банкны, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын , Эрдэнэсийн сангийн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Харин Валютын зохицуулалт, Вексел, Активын удирдлагын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
МӨНГӨНИЙ БОДЛОГО ГЭЖ ЮУ ВЭ
Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх, багасгах зэргээр эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх Төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэдэг аж. Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизмд суурилан хэрэгжүүлдэг онцлогтой. Мөнгөний бодлогын зорилтыг хангах үүргийг Төв банк, Засгийн газарт хувааж үүрүүлбэл эцэстээ аль аль нь хариуцлагагүй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тиймээс олонх оронд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрхийг тухайн улсын Төв банкинд хуулиар олгодог байна. Манай улсын Төв банкны хуульд “Төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал бол Төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилт мөн” гэж заасан байдаг.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (2)
Зочин (49.0.218.1)
дуурайж навсганадаг АНУ шигээ банкны хүүтэй болгочих
зочин (49.0.218.1)
бодлогын хүү гэж өндөр хүү тогтоож түүнийг элбэгдорж, золжаргал нарын гадаад зугаалгад заруулагддаг байсан шүү.