Элсэн чихэр, будааны импорт өсөв
- 2017-10-09
- Эдийн засаг
- 0

Хөдөө аж ахуйн салбарын гол нэрийн бүтээгдэхүүнээс элсэн чихрийн импорт энэ онд өссөн үзүүлэлттэй гарчээ. Монгол Улс 11 орноос элсэн чихэр импортолсны дийлэнхийг Тайландаас авчээ. Өмнөх жилтэй харьцуулахад элсэн чихрийн импорт 35 орчим хувиар өссөн байна. Дотоодын элсэн чихрийн зах зээлийн 75 хувийг дангаар хангадаг “Материал импекс” компани сүүлийн худалдан авалтаар наймдугаар сараас 20 хувиар илүү элсэн чихэр импортолжээ. Үнийн хувьд улс орноосоо хамаараад ялгаатай байдаг ч нэг кг нь 40-60 центийн хооронд хэлбэлздэг байна. Энэ ханш дэлхийн жишигтэй ижил байгааг “Nasdaq” индексийн ханшийн мэдээнд дурджээ. Харин цагаан будаа манай улсад голлон импортлогч 17 аж ахуйн нэгж байдаг байна. Үүнээс “Техник импорт” компани Японоос Монголд экспортолдог нийт цагаан будааны 98 орчим хувийг бүрдүүлж байна. Тухайлбал, есдүгээр сард хоёр сая тонн цагаан будаа импортолсон нь жилийн өмнөхөөс 10 дахин өссөн дүн болжээ. Үнийн хувьд япон цагаан будаа кг нь 1.5 ам.долларын ханштай байдаг байна. Харин хятад цагаан будаа кг нь 50-60 центийн үнэтэй. Дэлхийн зах зээлд есдүгээр сарын 15-наас эхлэн цагаан будааны ханш дунджаар гурван хувиар буурч байгаа аж. Үүнээс гадна өнгөрсөн онд Монгол Улс улаанбуудай импортлоогүй. Харин энэ онд нийт ургацын 48 хувийг алдахаар байгаа юм. Иймд ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудайг тус улсын дотоод зах зээлийн үнээр авахаар болжээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-д улаанбуудай нэг тонн нь 400 мянган төгрөгийн үнэтэй буй.
Б.МӨНХ

Сэтгэгдэл (0)