Х.Роухани: Д.Трамп ч манай цөмийн хөтөлбөрт саад учруулж чадахгүй
- 2017-10-09
- Дэлхий
- 0

Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани өнгөрсөн бямба гарагт Тегераны цөмийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс олох ашгийг хэн ч хориглож чадахгүй. Хэлэлцээрийн үр дүнг хэн ч үгүйсгэж болохгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч манай цөмийн хөтөлбөрт хориг, саад учруулж чадахгүй. Бид өөрсдийгөө хамгаалах зэвсгийн хүчин чадалтайгаа харуулах гэж пуужингийн туршилт хийсэн” гэж Х.Роухани хэлжээ. Ираны цөмийн асуудлаар 2015 онд АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ, Германы төлөөлөгчид тохиролцоонд хүрсэн билээ. Уг хэлэлцээрийн дагуу Иран цөмийн төлөвлөгөөгөө хязгаарлаж, олон улсын хамтын нийгэмлэг хориг арга хэмжээгээ цуцалж, ОУАЭХБ, Ираны уг хэлэлцээрийг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих юм байна. Харин Д.Трамп АНУын Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараа Иранд хатуу байр суурь хэрэгжүүлж, Тегераныг цөмийн хэлэлцээрээс татан гарна гэж сүрдүүлсэн юм. Д.Трамп ирэх сард конгресст илтгэл тавихдаа, Иран цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлсэн эсэхийг тодорхойлж, уг хэлэлцээр АНУ-ын ашиг сонирхолд нийцэх эсэхийг тайлбарлах юм байна. Ираны Гадаад харилцааны яамны өнгөрсөн баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд, баллистик пуужин хөгжүүлэх асуудлаар зөвшилцөх нь гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Бахрам Касеми “ Иран гадаад харилцааны олон газарт байр сууриа тодорхой илэрхийлсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Мохамад Жавад Зариф АНУын Нью-Йорк хотод мөн илэрхийлсэн. Ираны балластик пуужингийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2231-р тоот тогтоолыг зөрчөөгүй үйлдэл. Иран сэргийлэлтийн чанартай баллистик пуужинг хөгжүүлэх бүрэн эрхтэй, төлөвлөгөө ёсоор холбогдох төслийг хэрэгжүүлнэ” гэжээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)