Монгол Улсад хоёр хууль нэн шаардлагатай байгааг санууллаа

НҮБ-ын Хүний эрх, хүрээлэн буй орчны тусгай элч Жон Х.Нокс манай УИХ, олон улсын байгууллага, хүний эрхийн төлөөх зарим газрын төлөөлөлтэй уулзаж, Сэлэнгэ аймгийн Заамар сум, нийслэлийн Налайх дүүрэгт зочилж, иргэдтэй ярилцсан тухай тайлангаа танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсад хүний эрхийг зөрчиж буй хамгийн ноцтой асуудал нь Улаанбаатарын агаарын бохирдол гэдгийг онцолж байв.

“Улаанбаатар дэлхийн хамгийн их бохирдолтой хотын тоонд багтаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон агаарын бохирдлын зэргээс хэд дахин их тоосонцороор хотын иргэд амьсгалж байгаа юм. 2016 оны мэдээллээс үзэхэд уушгины хатгалгаагаар жилд тав хүртэлх насны 400 гаруй хүүхэд Улаанбаатарт эндсэн байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар болон НҮБ, олон улсын бусад байгууллага онцгой анхаарч ажиллах шаардлага тулгарчээ” гэж ноён Жон Х.Нокс хэллээ.

Хүрээлэн буй орчны бас нэг тулгамдсан асуудал гол мөрний бохирдол болсон гэж тэрбээр тэмдэглэж байлаа. “Ялангуяа Туул голын бохирдлоос шалтгаалан Улаанбаатар хотын иргэдийн ундны усны цэвэр, аюулгүй байдал алдагджээ. Үүнээс гадна байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, онгон дагшин байдлыг хамгаалахын төлөө ажиллаж буй байгаль хамгаалагч, тэмцэгчид хохирч байгаа нь харамсалтай” гэж Жон Х.Нокс анхааруулаад Тос, Тосон бумбын нурууны хамгаалалтын ажилтан Г.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэрэг явдлыг жишээ татсан юм. Тиймээс Монгол Улсад хоёр шинэ хуулийг нэн даруй баталж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг санууллаа.

Үүнд, байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, эрхээ хамгаалуулах тухай Аархосын конвенцэд нэгдэх, нөгөө нь Монголын ХЭҮК-ын боловсруулсан Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийн төсөл багтаж байна. Үүнийг УИХ-ын дэд хороо хянаж байгаа бөгөөд удахгүй батална гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Ноён Жон Х.Нокс, парламент Эрүүгийн хуульд байгаль орчны тэмдэгтийг оруулж, иргэдээс төрийн байгууллагын талаар гомдол гаргах зохицуулалтыг бий болгосон зэрэг хүний эрх, хүрээлэн буй орчны талаарх хууль, тогтоомжийг боловсронгуй болгох алхам хийснийг сайшааж байлаа. Гэвч иргэдийн тавьсан гомдол, санал тэдний талд шийдэгдэх нь ховор байгаа учир иргэн, байгаль хамгаалагч, тэмцэгч, сэтгүүлч, “шүгэл үлээгчид”-ийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатайг хэлж байсан юм. Тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлд энэ тайлангаа танилцуулах аж.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)