Тереза Мэй: Их Британи худалдааны бие даасан гүрэн байх ёстой

 

БРЕКСИТ-ийн тавдугаар шатны яриа хэлэлцээр албан ёсоор эхэллээ. Их Британи шинэ хэлэлцээрт хүрэлгүйгээр Европын холбооноос гарч магадгүй гэж болгоомжилж байна. Хэлэлцээрийн деталь, нарийвчилсан асуудлуудад анхаарлаа хандуулна гэсэн хүлээлт үүсээд байгаа ч энэ сарын 19-нд Европын холбооны удирдагчид уулзахаас өмнөх сүүлийн шатны яриа хэлэлцээр гэдгээрээ онцлогтой. “Брюссельтэй худалдааны хэлэлцээрт хүрээгүй байлаа ч гэсэн Их Британи биеэ даасан худалдааны гүрэн хэвээр байх ёстой” гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ. Мөн тэрбээр БРЕКСИТ- ийн яриа хэлэлцээнд бодит, мэдэгдэхүйц ахиц гарсныг онцолсон байна. Гэхдээ цаашдын үйл явцад бэлтгэлтэй байхыг Парламентын гишүүдэд хандан анхааруулжээ. Их Британийн салан тусгаарлах бодлогыг Европын холбооны хурлаар эсэргүүцсэн тохиолдолд хэлэлцээрийг зогсоох болно гэдгээ ч Тереза Мэй мэдэгдлээ. Тереза Мэй БРЕКСИТ-ийн асуудлыг амжилттай шийдвэрлэх хүсэл зорилготой байгаа болон нарийн төлөвлөгөө боловсруулснаа мөн онцолсон юм. Харин сөрөг хүчний Хөдөлмөрийн нам өнгөрсөн оны зургаадугаар сард явуулсан санал асуулгаас хойш хэлэлцээнд бодитой ахиц гараагүй гэсэн байр суурьтай байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Бид Европын холбооноос гарснаар Европын нэгдсэн зах зээлийн гишүүнчлэлийн статусаа алдах болно. Их Британийн ард иргэд хилийн, хуулийн, мөн мөнгө санхүүгийн хяналт тогтоохын төлөө саналаа өгсөн. Тиймээс бид цаашид биеэ даасан худалдааны бодлого баримтлах талаар худалдааны түншүүдтэйгээ ярилцана. Биеэ даасан Их Британи, хүчирхэг, амжилттай Европын Холбооны түншлэлийг бий болгох нь бидний зорилт. Энэ зорилтод хүрэх нь зөвхөн бидний хичээл зүтгэлээс шалтгаалахгүй, Европын холбооны 27 гишүүн орны манлайлал, уян хатан байдлаас хамаарна. Бид хэлэлцээг зөвхөн өөрсдөдөө ашигтай байлгахыг хүсэхгүй байна” гэж онцолсон байна. Харин Их Британийн Хөдөлмөрийн намын Тэргүүн Жереми Корбин “Европын холбооноос гарах талаарх санал асуулга эхэлснээс хойш хэдийнэ 15 сарын хугацаа өнгөрчээ. Гэхдээ цаашид Их Британийн ирээдүй ямар байх вэ гэдэг нь одоог хүртэл тодорхой биш байна. Тиймээс Засгийн газар энэ бүх хугацаанд юу хийж байсан бэ гэдэг асуултыг зайлшгүй тавих ёстой. Яг одоо бидэнд хэлэлцээ хийх хүчирхэг баг хэрэгтэй байна. Учир нь, Засгийн газрын гишүүд дотроо хагаралтай байна. Хэрвээ Засгийн газар Их Британийн төлөө хэлэлцээ хийж чадахгүй бол бусдадаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Өмнө нь хэлэлцээний ахицад гарах үүрэг хариуцлагыг Евро­пын шүүхэд ногдоно гэдгийг дурдаад байсан юм. Харин энэхүү мэдэгдлийн хариуд БРЕКСИТ-ийн яриа хэлэлцээний ахицад үүрэг хүлээх субъект нь Их Британийн шүүх гэж Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч Маргаритис Шинас мэдэгджээ.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)